Tuesday, 26 June 2012

Сонин хачин солиу гажуу гэж...


Ойрын үед нэг иймэрхүү сонинтой. Нээрээ нөгөө аварга амьтныг чинь нэг шөнө үйлдэл дээр нь барьж аваад дээрийн бодож олсон аргаараа бодийг нь хөтөлчихсөн гэж байгаа. Том зээ охин дүүгийн минь төрсөн өдөр нар буцах өдөртэй таардаг юм. Төрсөн өдрийх нь маргааш дүүд минь хадаг тавьжээ. Дөнгөж хорин насыг өнгийж байгаа түүний ангийн хүүхдүүд бүгд хүнтэй суугаад хүүхэдтэй болох нь болчихсон гэж ярихыг нь сонсоод гайгүй хүн таарвал найзлахад буруудах юмгүй гэж хэлсний дагуу асуудлыг ийнхүү шийджээ. Нас явах хирээр сайн хүнтэй таарах магадлал буурдаг тул ийнхүү зөвлөсөн хэрэг. Ёс төр сайн мэддэг сүрхий хүмүүс ирээд сүйн хадгаа тавиад явсан сурагтай. Хүргэн болох залуу их сургуулийн компьютерийн ангийн оюутан хэдий ч хажуугаар нь монгол бөхөөр занимаалддаг хүнийм гэнэ. Одоо наадмын бэлтгэлд гараад тун завгүй сурагтай. Нутгаар минь дорвитой зун болж амжаагүй мөртлөө нар буцангуут л уулархаг газраараа цас орсон гэнэ. Энд бүтэх шахуу суугаа надад цас гэсэн үг хичнээн сайхан сонсогдов оо. Сэр сэр салхитай сэрүүн сайхан хангай нутгаа мөн ч санаж байна даа. Сайхан өндөр уулан дээр гарч сэнгэтэл амьсгалах юм сан. Сүм хийдээр орж хийморь сүлдээ сэргээх юм сан гэж л их бодогдох боллоо, нас явнаа гэж.
Ач зээ нар минь амьдрал ахуйгаа цэгцлээд эхэллээ. Мань хүүхэн нь хэзээ айлын дансанд орох юм болдоо.

Friday, 15 June 2012

Шинэков зочин

Дээр нэг шөнө гэнэт ноолийн өрөө орох болоод сэрлээ. Давсаг чинэчихсэн байгаа гэж жигтэйхэн. Өрөөний гэрлээ асаалгүй ноолийн өрөөний гэрлийг асаагаад орох гэтэл босгон дээр нь урд өмнө огт үзэж хараагүй нэгэн аварга амьтан зогсож байх нь тэр. Айсандаа өрөөний гэрлээ асаагаад цаг хартал шөнийн 2 цаг гучин хэдэн минут. Ээ бүү үзэгд юу гээчийн амьтан бэ гээд сайн харлаа. Их биеийн урт нь миний долоовор хурууны тал, сахал үснийх нь уртыг тооцвол долоовор хуруу тэр чигтэй болмоор айхтар аварга эд байв. Өө шээт нөгөө яриад байдаг жоом гээч нь байх нь гэсэн бодол толгойд орж ирэв. Шөнийн харанхуйн нам жимд сайхан зугаалж явахад нь гэнэт асаасан гэрэлд цочин зог тусан зогсох түүнийг хараад шооконд орсон би учраа олохгүй хий дэмий л ноолийн хаалгаа хаалгүй өрөөн дотроо холхив. Нөгөөхөө хальт харчихаад, буцаж алхаад л. Нэг эргээд харсан өнөөх чинь алга болцон байв. Хаашаа орсныг мэдэж чадсангүй алдчихав. Ноолийн өрөө рүү цааш орчихсон байх гэж санаад өрөөний үүдийг хааж гэрлийг нь унтраав. Азаар шал угаадаг түмпэн ил байсны буянаар чинэсэн давсагны асуудлыг эвтэйхэн шийдэж, гал тогооны угаалтуураа сайн гэгч нь угаав. Аварга амьтан байгаа өрөөнд яаж орж зүрхлэх билээ. Намайг битий шоолоорой үнэндээ тэгэхээс өөр арга байгаагүйм, ус гэдэг сайн цэвэрлэгч, ариутгагч байхад юунд алзах билээ. Давсгаа суллаж санаа амарсан ч нөгөөхийг алдсандаа харамсаж байв. Шалны алчуураа шал ус болтол нь норгож байгаад дээрээс нь хаячихсан бол яг болох байсан юм шиг санагдаад. Нойтон алчууран доор байгаа түүнийг алчууртай нь хумиж аваад гадаа коридорийн цонхоор алчууртай юутай хээтээй нь шидчихсэн бол яг болох байсан юм билээ. Орондоо орсон хойноо л бодож олов. Энэ байранд уул нь 2 жил шахуу амьдарч байгаан. Энэ хугацаанд нэгийг ч хараагүй юм. Хүмүүс гэрт нь тиймэрхүү амьтан үзэгдсэн гээд ярьж байснаас өөрт тулна гэж бодож байсангүй. Тэрнээс хойш ноолийн өрөөнд орохдоо дээд доод хана туурга, булан тохойг нь нэгд нэгэнгүй харж, сэм сэмхэн гэтэж ордог болсон. Монголд байдгууд бол хажууд нь юу ч бишийм байлээ.

Thursday, 7 June 2012

Нагац эмээ


Хэдүүн том эгчийн том охинтой чааталсан чинь намайг эгээ та чинь аль хэдийн нагац эмээ болцын байлээшд гэж авсышд. Хүүе яахаараа тэгдийн, ээж ч болоогүй хүнийг эмээ болгоод байгаарай гэсэн чинь таны том ахын хүүхэд хүүхэдтэй болсон болохоор тэр хүүхдийн хувьд та нагац эмээ нь болышд гэж тайлбарласан. Би лав тийм ёс төр мэдэхгүйм байлээ. Мэдэхгүй хүн чинь өөдөөс нь мэтгэлцэж чадахгүй өөн тиймүү, яана л даа, хар залуугаараа хүнийг таануус нээрээ алжугаам шүү гээл үлдэх шив. Ахын том бандийн найз охин нь ахын эхнэртэй буюу хадам ээжтэйгээ зэрэг шахуу төрсийн. Бэр эгч хожуу төрөлт хийсийн. Жил гаруйн өмнө том эгч төрсөн, тэгсэн одоо охин нь найз залуутай болчихоод ээжийгээ айлгаад байгаан. Ээж нь хүүхэд том болоогүй байхад зэрэгцээд хүүхэд гаргаж болохгүй шүү гэж дарамтлаад байгаан сурагтай. Одооны хүүхдүүд ч шуурхай болжээ. 

Tuesday, 5 June 2012

Энэ жилийн дүйцэн өдөр

Өчигдөр миний хувьд тэмдэглэгдэж үлдэх өдрүүдийн нэг байлаа. Монголын уламжлалт хуанлиар өлзийтэй сайн хэмээн тэмдэглэгдсэн, итгэж, сүсэглэж явдаг шашны үүсгэгчийн нирваан дүрийг олсон өдөр тийм зүйл мэдсэндээ айж эмээж байсан ч бэлэгшээж байлаа.

Хувь тавилан, төөрөг заяа гэж үнэхээр байдаг юм болов уу. Өмнө бол би байдаг гэдэгт итгэдэг байлаа. Яг одоо амьдралд минь хэзээ ч төсөөлж байгаагүй өөрчлөлт гэв гэнэт гарч байгаа болохоор өмнөх итгэлдээ эргэлзэж байна. Миний зүгээс гаргах шийдвэр бүхнийг өөрчлөх учраас би айж байна бас үнэхээр эргэлзэж байна. Гэхдээ аль хэдийн хувь заяаны урсгалд хөвөөд эхэлчихжээ, нэг мэдсэн... Энэ урсгал хүсч, мөрөөдөж байдаг газарт минь хүргээсэй гэж залбирахаас өөрийг хийхээс өөр зам байхгүй болжээ.