Monday, 24 June 2013

Өнөөгийн бид

Бараг сарын өмнө найз хүүхэнтэй чааталсан юм. Монголд амьдрал хэр байгаа талаар. Тэгэхэд мань хүн МӨНГӨ-тэй л бол амьдрал сайхан байнаа гэж хариулсан. Тэр нь хэр их хэмжээний мөнгө юм байгаан, лав л төсвийн цалин авдаг хүний мөнгө лав биш дэг. Энэ яриа цааш нилээд хурцадмал өрнөсөн. Би болохоор нэт-ээр үзсэн харсан бүхнээ яриад нилээн сөрөг комээнтүүд хэлсэн. Мань хүн тас өмөөрөх шахуу. Тогооноосоо гарч үзээгүй хүн болохоор ингээд байх шиг байна гэж би хувьдаа ойлгосон. Яг л нөгөө Монголчууд бид мундаг гэсэн хийрхэл цухалзаад байсан.
 
Монголд очих хугацаа дөхөх тусам сэтгэлзүйн бэлтгэл хийгээд ч байгаа юм шиг санагдахын, сонин. Юу идэж уух уу, хаагуур агаар усанд гарч байхав гэх мэтээр. Бас дээрээс нь гадуур явахдаа хувийн бэлтгэлийг ямархуу төвшинд байлгах уу гэх мэтээр. Манай хүн би очоод мия утас баринаа, алдчихвал харамсах юмгүй гэсэн. Зөв санаа гэж би дэмжив, учир нь мань хүн хулгайд алдах байтугай өөрөө юмаа хаяад явдаг хайнга хүн болохоор.
 
Монголын талаар юу мэдчихээд санаа зовоод байгаагаа бичвэл
 
Цэцэрлэгийн багш нар айлын нялх үрсийг жишим ч үгүй зоддог болсон гэнэ. Зүгээр нэг чимхэх төдий биш бүр ноцтой гэмтэл учиртал нь. Нэг бус нилээн хэдэн тохиолдлыг халуун сурвалжаас нь олж сонссон. Арай дэндүү биш үү, эцэг эх нь зодох бүү хэл муухай ч харж чадахгүй хайрладаг балчир амьтдаар нэг муу ёс суртахуунгүй бүдүүн авгай гарынхаа чилээг гаргаж байна гэдэг чинь. Өөрөө адилхан үр хүүхэдтэй эх хүн байж.
 
Эмнэлэгийн эмч нар одоо бүр хүнээ байсын бишүү. Мөнгө л байхгүй бол нөөөөүүүү гэдэг болсон бололтой. Миний санахаар эмч нарыг хийх ажлынхаа төлөө тангараг өргөдөг биш билүү. Нэг өвчтөн дээр 3 эмч гурван өөр эмчилгээ хийдэг сурагтай. Мэдэмхийрсэн нөхдүүдийн дунд өвчтөн туршлагын туулай болж хоцордог шиг.
 
Дээр нэг танил броколи аваад нэг сайхан шөл хийж идэх гэж л дээ. Шөлөө ч хийж яг л санаснаараа, аяглаад идэх гэтэл аяга дүүрэн жижиг жижиг хорхой хөвж байх нь тэр. Арай ч дээ, монголд хэн хаанаас юу авчирч зарж борлуулах нь дэндүү хяналтгүй байгаагын хамгийн наад захын жишээ энэ.
 
Нэг хүн хэдэн ч утастай, хэдэн ч дугаартай байж болох эрхийн дагуу тэнэг ухамсаргүй нөхдүүд утсаар буруу, болохгүй зүйлийг их хийдэг болсон бололтой. 9911 гэсэн дугаар луу, өөрийн анкэт шиг мэдээллээ бичээд, тэдэн төгрөгөөр туславал яавал ч яана гэдэг болсон гэнэ. Нэг бус хүнээс ийм юм сонслоо. Юу болоод байгаан бээ??? Мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс ч буцахаа байсан ямар нийгэм хөгжөөд байгаан. Монгол эмэгтэй хүний үнэ цэнэ яагаад хэдхэн халтар цааснаас дор болчихов. Дэндүү гутамшиг биш гэж үү...
 
Гэх мэтчилэнгээр дурьдаад байвал яваад л байх бололтой. Хэзээ монголчууд бид дэлхий нийтийн хамгийн наад захын стандарт руу ойртож очих юм бэ???
 
Хувь хүн дор бүрдээ ёс суртахуун, хувийн соёл, зохион байгуулалтыг бий болгоод тэрийгээ хвшүүлчихвэл болохсон. Ийм дадал зуршилтай болтлоо ч дор хаяж 20-30 жилийг зарцуулах байх. Ийм больё гэсэн сэтгэлгээ, урилгагүй бол энүүгээрээ хэдэн мянган жил ч амьдрана. үеэс үед өөнөөх муу муухай бүхэн автоматоор удамшсаар.
 
Хотын соёлтой болох гэж ядаж хэлбэрдсэн баахан хүмүүс. Үнэтэй машин, гоё дугаартай гоё утас (тэдний өөрсдийнх нь яриагаар), нэрийг нь ч хэлж чадахгүй баахан үнэн худлаа брэндүүдэд унаж үхсэн хүмүүс. Улаанбаатарын шороотой гудамжинд хичнээн сайхан брэнд өмсөөд явж байлаа ч зохиогүй чимэг гэдгийг сануулдаг. Яг үнэндээ хотод амьдарна гэдэг чинь хотод байх дүрэм журмыг алхам бүрдээ баримталж, хамгийн наад зах нь хогоо хаяхгүй, нэгнээ хүндэлж байх явдал юм шд. Тэнгэрт хадсан үнэтэй машин зайдалчихаад хажуугаар зөрөх нэгнээ гахай нохой, ална шудна гэж байгаа баагийнууд бол хотынх (уулаасаа хотых байлаа ч гэсэн) болох гээд мөрөөдөөд ч чадахгүй.
 
Нэг нэг уулын ам, жалгын мухарт дугуй гэрээ бөөрөнхийлээд бор гэртээ Богд, хар гэртээ хаан болж ирсэн нүүдэлчин Монголчууд бид шавар байшинд шамбааралдаж амьдардаг суурин соёлтой болоход ихээхэн хугацаа хэрэгтэй юм байна гэж одоогийн байдлаас анзаарагдсан. Нэгнээ хүндлэх, өөрөөсөө илүү чаддаг нэгнээ хүлээн зөвшөөрөх ухамсар, дадал зуршил би би, би мундаг тусгаар сэтгэлгээтэй нүүдэлчин монголчуудад байддаггүй юм шиг байлээ.

Аливаа нэг дадал зуршлыг шинээр сурахад уйгагүй оролдлого, их хугацаа хэрэгтэй байдаг. Хамгийн түрүүнд нэг нэгнийгээ хүндэлдэг, нэг нэгэнтэй зөв боловсон харьцаад сурчихвал маш том бас бат бөх суурь тавигдлаа гэсэн үг. Долоо найман жилийн өмнө дэлгүүрт орж хувцас хунар бас бус юм авч худалдаа хийж байгаа хүнд орлого оруулах гэснийхээ төлөө огт танихгүй тэрхүү эрхэмд загниулчаад гараад ирдэг байсан. Одоо хэр энэ үзэгдэл хэвээрээ байгаа гэсэн. Үнэхээр бүдүүлэг юм даа. Энэ мэтчилэнгээр толгой дээр бухалнуудаа харахгүй амьдраад байвал хэдэн галавт ч хэвээрээ л байх байх даа, хөөрхий гэж.
 
Хэрэгцээ тансаг сайхан боллоо гээд асуудлыг шийдэж чадахгүй, ухамсар, аливаад хандах хандлагаа өөрчилж байж л Монголчууд бид хөгжил гэдэг зүйлд ахиц гаргаж чадна. Өнөөгийн монголчууд гадаад хэлбэр лүү хэт хошуурч маш их цаг энергиэ алдаж байх шиг. Дотоод мөн чанар, түүний өөрчлөлт рүү өнгийж харж байгаа нь тун цөөхөн. Уул нь хамгийн нэгдүгээрт энийг хийчихвэл асуудал араи өөр болмоор санагддаг. 
 
Баахан юм пал пүл хийтэл гаргачихлаа. Мундаг хүн болчоод ингээд байгаан биш шүү. Жоохон ч гэсэн өөрчлөгдөөсэй, өөрчлөгдөхиймсэн. Дэлхий нийт рүү дөхөх юмсан гэж бодож явдаг нэг муу амьтны эрээвэр хураавар бодлууд. Хамдтаа бүгдээрээ сайн сайхнаар өөрчлөгдье гээд намайг хэн нэг нь дуудвал УРАА хашгираад гүйгээд очиход бэлэн байгаа.

Tuesday, 7 May 2013

Больёоо

Үүүе энэ ерөнхийлэгч чинь хүссэн л бол хэн дуртай нь болчиж болдог тийийм зөөлхөн ааруул шиг амархан зүйл байдаг юмуууууу? Насаараа шахуу бөх барилдсан хэн гуай дэвшиж байгаа гэхийг сонсоод хоёр дэлдгэртээ итгээгүй. Хоёр циймрээрээ харж байж итгэв.
 
Монголчууд чинь тэгтлээ оюуны бяр тэнхээгээ барцан хүмүүс юм байх даа. Улс орны нүүр царай болохын хувьд наад зах нь гадаад үзэмж, хэл усных нь боловсролыг хараад үзэхэд нэр дэвшүүлж байгаа хүнээ бодолцмоор юмаа. Бид ямар гадаад ертөнцөөс хаалттай хуучин цаг үеийнх шигээ амьдарч байгаа биш. Энд тэнд очно, энд тэндээс хүн ирнэ. Тэр бүхэнтэй мэнд мэдэлцэх хэмжээний боловсрол, дипломат соёл, харьцаагаар биеэ аваад явчиж чадах хүн байвал зүгээрсэн. Хамгийн наад захдаа энэ шүү дээ, тавигдах шаардлага. Цаашаа тэгээд дүүргэсэн төгссөн сургууль, уншиж судалсан ном сэтгүүл, улс төрд бэлтгэгдсэн туршлага гэх мэтээр олон олон л юм байгаа.
 
Одоо бодоод байсан ерөнхийлэгч хийж байж байсан хүмүүс дээрх энгийн шаардлагуудын хувьд нүүр улайхааргүй хүмүүс байжээ, бас ч гэж. 
 
Байдгаа шавхаад шавхаад ийм шийдвэрт хүрч байгаа бол манай улсын төрийн нөөц бүр дуусчээ.

Monday, 11 March 2013

Хөөс хагарсан

Блогшоогүй бөррр төсөөрөх шахаж. Сонин хачин ихтэй зав зайгүй амьдралаар амьдарсаар л байна. Оны эхний сарын сүүлээр ээж болсон. Эм амьтанд заяасан эд эрхтнүүд маань жинхэнэ төгс утгаараа ажиллаад, эх амьтны, эх хүний зовлон жаргалыг мэдрэнхэн л сууж байна. Эмэгтэй хүн гэдэг чинь төрж амаржих гэдэг айхтар том давааг давдаг юм байна. Төрөх гэж өвдөөд хэвтэж байх үед юу эс бодогдохов. Ямар гэм хийж, ямар нүгэл үйлдсэндээ эмэгтэй хүн ингэж шийтгүүлдгийн бэ гэж хэнээс ч юм асуумаар, хэнд ч юм гомдолломоор санагдаж байсныг нуух юун. Гэвчиг үр зулзагаа хараад юугаар ч илэрхийлэмгүй аз жаргал, баяр хөөрийг мэдэрч өнөөх өвдөлт айдас хаашаа ч юм ор мөргүй алга болчдын байна лээ. 

За тэгээд төрөлт гэдэг бол эхлэл юм байна. Тэр эхлэл цэгээс эхлээд л бүх зүйл өрнөж эхэлдийм шигээ. Үр зулзагаа хөхүүлнэ, өлгийдэнэ, цэвэрлэж угаана гээд л. Цаанаасаа байгаалиас заяасын болохоор тэгээд автоматаар шахуу болоод л, эв дүйгээ олоод явчдым уу даа. Гон бие гозон толгой явахад амьдрал дунд ороогүй зүгээр л амьдарч байгаа хүмүүсийг хажуунаас нь ажиглахан амьдрал хэмээх том далайд хөөсөн дээр хөвж яваам шиг л байж дээ. Одоо тэгвэл тэр хөөс хагарч өөрөө тэрхүү амьдрал хэмээх далайнхаа усанд сэлж эхэллээ.

Өмнө бол мөөмөндөө хөхний даруулга өмсүүлэхээс өөрийг мэддэггүй байлаа. Гэтэл тэр мөөм чинь аймаар үүрэгтэй эдийм байншд. Мөөмчигөндөө сүүтэй маамчиг болох гоёымаа :-).

Wednesday, 2 January 2013

Ирж буй шинэ онд

Гарч буй шинэ онд хийж амжуулах хувь, хувьсгаалын ажил их байнаа. Даа ялангуяа хувьсгаалын ажлынхаа шилийг нь харчих юм сан гэж их хүсэж байна. Шүгдэнг уншиж байхад хэрвээ сэтгэлд тань аливааг чадна, хийх юм сан гэсэн бодол байгаа бол танд тэр зүйлээ хийж чадах авьяас билэг, чадвар байгаа гэсэн үг гэж гарч байсан юм. Тиймээс амжуулчихна гэж санаанд багтаад байгаа болохоор дуусгачих болов уу гэж горьдоод байгаа.
 
Уул нь гарч буй шинэ онд хийх ажил гээд л баахан юм төлөвлөж бичдэг юм. Энэ жилийн хувьд зүгээр л тоймтойхон, томоохон хоёр гурван зүйлийг толгойдоо ягштал санаад явчихья гэж бодогдоод байгаа. Задлаад задаргаа хийвэл хэдэн хуудас болох учраас ерөнхий арааманд хийгээд авчуул амар юм болов уу гэж бодогдоод байх юм.
 
За тэгээд миний энэ орон зайд нэвтэрч, үнэт цагаа үрэн байж миний орон зайгаар аялж, амьдралын минь нэгээхэн хэсгийг хуваалцаж байдаг та бүхэндээ ирж буй шинэ ондоо санаж бодсон гэгээн хүсэл бүхэн нь бодохын зуургүй бүтээсэй гэж хүсэж байна.
 
Уур уцаар, атаа хорсол, мунхаг тэргүүтэй хорт сэтгэлийн хөдлөлүүдээс хол байж гэгээлэг, амар амаглан, оюунлаг бүхэнд ойр байгаарай гэж ерөөе!!!

Tuesday, 1 January 2013

Нэг жилийн дараа эргэн харахад

Уг нь энэ бичлэгийг өчигдөр пааблишдах гэж байгаад амжилгүй гараад явчихсан. Нэгэнт бичсэн юмыг пааблишдахаас өөр арга байхгүй. Өнгөрсөн оны ерөнхий дүр төрхийг хожим харахын тулд.
 
Нэгэн хэвийн амьдралд санаандгүй өөрчлөлтүүд орсон намтар түүхэнд тодоор бичигдэж үлдэх нь зүй ёсны жил болж өнгөрлөө. Ирж буй шинэ он ч бас шинэ содон зүйлээр дүүрэн байх бололтой. Шинэ танилууд, шинэ найзуудтай боллоо.
 
Хайр дурлал:  Автобусаар гурван цаг гаран  явдаг газарт болзоонд уригдаж, зориглон очиж болзсон. Гоё газар, гоё болзоо болсон. Нэгхэн өдрийн дотор маш олон зүйл амжуулсан болзоо байсан. Кофе шопт суугаад гарч цэцэрлэгээр алхаад тэгээд театрт очиж киноны билет авчихаад киногоо хүлээх зуур өдрин хоолонд орсон. Киногоо үзчихээд уушийн газар орж пийв шимэн баахан ярьж суусан. Үүгээр болзоо өндөрлөсөн ч цаашид харилцаа үргэлжилсэн.
 
Үзсэн кинонуудаас таалагдсан кино:  "Кореа" Солонгос кино, "Арго" Америк кино.
 
Хамгийн их сонссон дуу: Эр бор харцага
 
Уншсан ном: Шүгдэн. Их хүлээлт, төсөөлөлтэй байж байгаад уншсан болохоор тэгтэл сэтгэлд хүрээгүй. Агнистын гэгээ 7р дэвтэрийг байн байн уншсан хэвээрээ.
 
Таалагдсан үг: Амьдрах дүрэм гэж үгүй. Амьдрал ч өөрөө үүнийг харуулах шиг санагдсан.
 
Хамгийн их тоглосон тоглоом: Any pang (одоо ч гэсэн тоглосоор байгаа).
 
Хоол хүнс: Мах иддэг болсон. Жин эрс нэмэгдсэн, гэхдээ энэ хүндэтгэх шалтгаантай.
 
Хувцас: Жилийн сүүл үед хоёрхон төрлийн хувцаснаас салаагүй.
 
Зүүд нойр: Маш их унтдаг болсон. Унтсан ч унтаагүй юм шиг байдаг болсон нь их сонин. Кино шиг зүүдэлдэг минь бүр гаарсан. Сүүлийн үед хичээл ном их зүүдлэх болж зүүдэндээ янз бүрийн хэлээр ярих, сонсох, бодлого бодох гэх мэтээр оюунлаг байдаг болов.
 
Зан ааш: Бусдыг гадаад хэлбэр төдийгээр үнэлэх биш дотоод мөн чанараар үнэлдэг минь улам газар авч лавширсан.

Биед гарсан өөрчлөлтийн улмаас өмнө үеийн өөрөөсөө тэс өөр болсон. Толинд урьд өмнө харж байгаагүйгээр харагдах болсон ч энэ нь өөрт асар таалагдаж байгаа.
Өөртөө хийдэггүй хоолоо хийж өгдөг хүнтэй болж, өөрийнхөө хувцаснаас тэс өөр эрэгтэй хүний хувцас угаадаг болсон.

Ээжийнхээ өврөөс гарснаас хойш анх удаа хүнтэй хамт унтаж үзсэн. Эхэндээ дасахгүй байсан ч сүүлдээ байдалтай эвлэрч улмаар хоёулаа л унтахгүй бол хөнжил хайраад байгаам шиг санагддаг болсон.
 
Хүнээс бэлэг авч сурсан. Гэхдээ авсан л бол ямар нэг байдлаар буцааж төлнө гэсэн зарчим маань хэвээрээ байгаа.
 
Хувийн амьдралд гарсан өөрчлөлттэй харьцуулахад хувьсгал, сургалтын ажилд гаргасан өөрчлөлт минь төдий л санаанд хүрэхгүй байгаа. Уул нь жилийн эхэнд их далайцтай томоохон төлөлвлөгөө хийж байсан юм. Энэ төлөвлөгөөг энэ жил рүү дахин авч орно.
За ерөнхийдөө иймэрхүү өнгө төрхтэй байжээ, 2012 он.