Friday, 21 December 2012

2012-12-21

Хэд хоног истрээдсэн хүмүүс өнөөдөр гайгүй сайн истрээсээ тайлж байх шиг байна. Цахим ертөнцийн хаа сайгүй (нүүрном, твитэр, мэссэнжр гэх мэтээр) л сүйрэх тухай яриа гаргасан бас тэр сургаар тодорхой өөрчлөлт хийсэн (зуслан руугаа явсан, лаа шүдэнз авсан) хүмүүсээс амыг нь асууцгаасан л хүмүүс.
 
Энэ хүмүүс итгэл үнэмшилдээ тулгуурлаж өөрчлөлт хийсэн тэрхүү хүмүүсээс дутахгүй айж эмээсэн бололтой. Өнөөдөр ингэж сүрэг сүргээрээ бөөн бөөнөөрөө ёжилсон, тавласан үгнүүд урсган давшилж байхыг бодоход. Магадгүй урд шөнө нойр муутай ч хоносон байх. Сүйрнэ гэж хэд хоног догдолсон хүмүүс сүйрсэнгүй гэж бас хэд хоног донслох бололтой. Энэ жилийн шинэ жил харин нүсэр болох шинжтэй болоод явчлаа даа. Нэг сайхан хүлээснээс ангижирсан хүмүүс тавирсан биенийхээ эрчээр ёстой нэг дургиж өгөх байлгүй.
 
Хүүхэд байхад тэгнэ ингэнэ, тэгэхгүй ингэхгүй гэж ам гарахыг таашааддаггүй байсан сан хөгшчүүл. Дэлхий сүйрсэнгүй гэж дэгдэж хөөрч явжийгаад өөрийгөө сүйрүүлж баллах вий дээ, энэ өвлийн хүйтэнд.
 
Энэ явдлаас нар гэдэг өдөр бүхэн л байж байдаг үүрэг роль ихтэй мөртөө төдийлэн анзаарагддаггүй ачтан гэдгийг, хөгжил өөд тэмүүлж яваа хүн гэдэг амьтан байгаль ертөнцийн хажууд өчүүхэн гэдгээ ухаарч байгаа болов уу. Сүйрлээ, сүйрээгүй гээд шуугиад өнгөрөх биш эндээс бас нэг дүгнэлт хийгээд үлдээсэй хүн төрөлхтөн.

Wednesday, 19 December 2012

12-19

Шинжлэх ухааны нэг салбарын зах зухаас нь мэрэх гэж хичээж яваа ухаантай мөртөө шинжлэх ухаан та бүхнийг мэдэгч чадагч шүү гээд итгээд найдаад суудаггүй адайр зан бий надад. Хэдэн томьёо тэгшитгэл хальт гадарладаг, бүр нэвт шувт (тэдний өөрсдийнхөөр тодорхойлолтоор) гаруудтай ана мана үзэлцээд сууж байдаг нэг мэдэхэд.
 
Шинжлэх ухаан нэг нэгээр, алхам алхамаар бодит байдалд ойртож байдаг. Бүгдийг төгс төгөлдөр мэддэг гэж бодвол том эндүүрэл. Анагаах эрүүл мэнд, биологийн шинжлэх ухааныг авч үзэхэд хөгшрөл, үхлийг давж чадаагүй л явж байна. Бусад ш.у ч бас ялгаагүй. Салбар салбартаа л тайлж тайлбарлаж дуусаагүй зүйл өчнөөн байгаа. Тийм болохоор ш.у-д чадах, харах хүрээ гэж байгаа. Тэр хүрээний радиусаас гараад явахад юу байгааг түй ч мэдэхгүй. 
 
Оюутан байхад од гариг, эрхэс, энэ цэнхэр дэлхийн нас зүс, туулсан он жилүүдийн тухай хальт мулт хэдэн хичээл сонсоод өнгөрсөн ухаантай болохоор огт юу ч мэдэхгүй бусдын амаар явах санаа бас байхгүй. Ялангуяа байгалийн үзэгдлийн хувьд өнөөдөр хүн төрөлхтөн цаг агаарын хувьсал өөрчлөлтөө л хэд хоногийн интервалтайгаар багцаалдаж байгаа болохоос газар хөдлөлт гэх мэтийн үзэгдлүүд хаана хэзээ хэр хэмжээний хүчтэй болох вэ гэдгийг хэлэх туршлага чадвараа олж амжаагүй л явна. Тийм болохоор иймэрхүү зүйл дээр бүр ч итгэл муутай байдаг. Өөрийн нүдээр харж байж эсвэл өмнөх түүхийг сөхөж байж сая санаа амардаг.
Энэ блогт хувь хүний энэ тэрний тухай хувийн үзэл бодол байхаас биш ямар нэг байгууллага, бас ямар нэг үндэслэлтэй мэдлэг мэдээллийг түгээх талбар биш. Тиймдээ ч нэх олон хүн эргэлдээд байддаггүй байх гэж боддог. Одоо бодоход бусдад мэдлэг түгээе гэж ганц ч бодож байгаагүй юм байна. Тэгэж бодоод ул суурьтайхан шиг хэд гурван юм бичиж болох л байх. Өөрийн биш юмыг энд тэндээс хуулж суух нь төвөгтэй санагддаг шиг.
 
Анхнаасаа энэ блогийг бичихэд баримталсан зарчим бол өдрийн тэмдэглэл маягаар, өөрийн толгойд байгаа хэрэгтэй хэрэггүй бодлыг гадагшлуулах. Энэ нь өөрт минь нэг төрлийн амралт болдог. Тэрнээс бусдад хэрэгтэй мэдээлэл өгсөн тиймэрхүү формат загварт баригдуулахыг хүсээгүй. Цаг нь ирэхээр хэрэгтэй хүмүүстэй нь хэлэх хийх ёстой юмаа хуваалцах учраас ириклаамны пауз царайлж ойлгох, ойлгохгүй хүмүүстэй сайбэр ертөнцөөр харилцаж суух нь утгагүй.
 
Блог бичихдээ гаргадаг нэг том алдаа бол тухайн үед бодож байгаагаа л шууд буулгачдаг. Буцаад ганц удаа хянаж унших нь нэг ч байхгүй. Тиймдээ ч найруулгын бас үг үсгийн алдаа улаан цагаан тууж явдаг. Өөрөө өөртөө бичиж байж тиймэрхүү юмыг хянаж сууна гэдэг илүү ажил.
 
Энэ блогийг ер нь аливаа блог, нийтийн мэдээ мэдээллийн сайтуудыг уншигчид минь ганц нэг талыг нь барьж мэдээ мэдээлэлд хандалгүй авах гээхийн ухаанаар хандаж өөрийн саруул ухаанаар дүн шинжилгээ хийж байвал өнөөгийн мэдээллийн урсгал замбараагүй болсон үед оюун санаа болоод хувь хүний итгэл үнэмшил, хүмүүжил төлөвшлөө авч үлдэх арга зам болох байх.
 
Үнэт цагаа үрж хувь хүний хэрэгтэй хэрэггүй үзэл бодлыг уншчихаад итгэж үнэмшиж буруу зөрүү ярьж яваагийн бурууг би хүлээхгүй. Энд миний тархинд байгаа хогон бодлууд гадагшилж байгаа учраас тэр.

Tuesday, 18 December 2012

Юу ч болохгүй бол сайн л байна

За энэ тав дахь өдөр яах гэж байна вээ. Би энд жаахан бодолхийлээд л сууж байна. Дэлхий сөнөхгүй нь бол тодорхой. Тийм ч амар сүйрээд алга болдог юм гэж ердөө ч байхгүй.
НАСА-ийн эрдэмтэд болоод монголын бас нэг танагтай, баримжаатай юм ярих болов уу гэсэн эрдэмтэн судлаачдын ярианаас хэд гурвыг олж сонслоо. Эдгээр хүмүүсийн хэлж байгаа гол зүйлүүд нь ард түмний яриад байгаа дэлхий сүйрэхгүй гэдэгт л няцаалт өгөөд байгаа болохоос яг тухайн өдөр юу болох вээ гэдгийг нарийвчлан сайн хэлэхгүй байгаа мэт анзаарагдаад байх юм.
 
Энгийн үед бол жил бүрийн энэ өдөр дэлхийн хойд хагас бөмбөрцөгт өвлийн туйл өдөр тохиож хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог. Энэ өдрөөс эхлээд өдрийн урт бага багаар нэмэгдэж эхэлдэг. Гэтэл энэ жилийн хувьд энэ өдөр хоёр ч том үзэгдэл манай нарны аймагт болох гээд байгаа юм билээ.
 
Нэгдүгээрт нь нарны аймгийн тодорхой тооны гаригууд нэг шулуун дээр байрлана. Шинжлэх ухааны хэллэгээрээ бол гаригуудын жагсаал гэдэг. Энэ үзэгдэл тэр бүр болоод байддаггүй тун ховор үзэгдэл гэж мэргэжилтнүүд онцолдог юм билээ. Нэг хүний хэлэх нь 300-400 жилийн үечлэлтэй гэж байхад өөр нэг хүний хэлэх нь 170 жилийн үечлэлтэй гэж байх юм. Үзэгдэл хоорондын үечлэлийн хугацаа зөрж байгаа ч зуун дамнаж тохиодог ховор үзэгдэл аж. Энэ жилийн хувьд Дэлхий, Марс, Бархасбадь, Санчир гэсэн дөрвөн гариг давхцах юм байна. Аз болж манай дэлхийн урд орших гаригтай давxцахгүй юм байнаа. Бусад гурван гариг дэлхийн ард буюу манай дэлхийгээс нарны эсрэг талд байрладаг. Гэвч манай нарны системийн хамгийн том хоёр гариг болох Бархасбадь, Санчир хоёртой давxцаж байгаа нь миний хувьд жаахан асуудал үүсгэж магадгүй гэж бодогдоод байгаа. Учир нь тэр их массууд нэг дор цуглахаар масс таталцлын хууль ёсоор манай дэлхийд ямар нэг нөлөө үзүүлж магадгүй. Дэлхийн дагуул сар тэргэл болохтой холбоотой дэлхий дээрх далайн түвшин ихсэж багасах зэргээр өөрчлөлт орж байдаг. Аварга хоёр гаригтай харьцуулахад будааны чинээ сар тэгэж нөлөөлж байхад тийм их масс нэг дор цугларахад юу болох бол гэж бодохоор нэг л эвгүй. Энэ үзэгдлийн улмаас газар хөдлөлт, далайн татлага түрлэг болох магадлалтай.
 
Earth, Mars, Jupiter, Saturn энэ дөрвөн гариг нэг шулуун дээр байрлана
 
Нөгөө нэг үзэгдэл нь манай нарны аймаг (нарны хавтгай) бүхлээрээ бидний ярьдагаар сүүн зам буюу манай галактиктай (одны хавтгай) давxцана. Энэ үзэгдлийг 26.000 жилд нэг удаа тохиодог гэх юм билээ. Энэ үед юу болохыг ёстой бүү мэд. Дэлхийн соронзон мандалд нөлөөлж барьж, энэ дэлхий дээрх цахилгаан соронзон оронд гажиг үүсгэж магадгүй гэсэн таамаг хальт яваад байгаамуу даа. Миний олж үзсэн, эрдэмтэй хийсэн бичлэг, ярилцлагуудаас харахад энэ өдөр дэлхий сөнөхгүй гэдгийг няцааж, ийм хоёр үзэгдэл болно гэж  хэлж байгаагаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаад байгаа. Дээрх хоёр үзэгдэл болоход чухам юу болохыг хэн нь ч дэлгэрэнгүй хэлэхгүй байгаа нь учир дутагдалтай санагдаад байх юм. Астрономийн шинжлэх ухаан өөрөө маш залуу шинжлэх ухаан. Сүүлийн зуун жилийн мэдээлэл цуглуулж чадсан уу үгүй юу л байгаа байх. Өнөөдрийн хамгийн сайн дурангийн харж чадаж байгаа хүрээний цаана юу болж юу оршиж байгаа ёстой бурхан чөтгөр нь л мэдэх байх. Дээрээс нь энэ хоёр үзэгдэл хэдхэн арван жилийн өмнө болж байсан бол аа тийм үзэгдэл болох үед тийм юм болдог гэсэн багцаа баримжаатай сууж байхсан. Гэтэл хэдэн зуун, хэдэн мянган жилийн өмнө юу болж байсныг түй ч мэдэх арга алга даа. Иймэрхүү үечлэлтэй байгалийн үзэгдлийг өмнөх болсонтой нь харьцуулж баримжаа таамаг авдаг сан.
Тэр огтолцол цэг энэ өдөр тохиох гээд байх шиг байна даа
 
Гадаад дотоодгүй яригдаж байгаа шуум, тэрийг няцааж байгаа байдлаас харахад сөнөнө сөнөхгүй л гэдэг дээр төвлөрөөд байгаа болохоос яг тэр өдөр ямар үзэгдэл болохыг мэддэгүүд нь мэддэггүйнүүддээ сайн хэлээд өгчихгүй л юм. Юуууу ч болохгүй бол сайн л биз...
Надад нэг хардалт байгаад байгаан. Нэг Төвд лам НАСА руу захиа бичсэн гээд л байсан.Тэр захиаг яс юман дээрээ НАСА-гийхан өөрсдөө гаргасан байвал яахуу гээд хардаад байгаан. Ийм тийм айхтар үзэгдэл болно гэж мэргэжлийн хүний хувьд хэлчихвэл дээр дооргүй бужигнаад бөөн юм болно гээд нэг тиймэрхүү байдлаар санаагаа илэрхийлчихсэн байвал. Энэнд итгэсэн нэг нь тэгээд амиа авраг, үгүй нэг нь тэгээд тэрүүгээрээ болог гэсэн санаагаар. 
 
За тэгээд энэ цэнхэр дэлхий сөнөж сүйрэхгүй нь лавтай, харин тэр өдөр ямар сонин содон үзэгдэл болох вэ гэдэг л сонин байна. Нөгөө талаас бас жаахан түгшүүртэй байна. Энд тэнд газар хөдөлж, далайн шуурга гэх мэтийн үзэгдлүүд болохыг үгүйсгэхгүй.
 
Аа тийн энд ер талаар ярьж байгаа хүн алга. Нөгөөдөр ерөнхийлэгчийн сонгууль гээд мэдээллийн хэрэгслүүдээр тувт сонгуульд нэр дэвшигчдийн тухай гараастай. Египтэд байдаг Шри Ланк танилаасаа асуусан тэнд улс төрийн бослого гараад бас юу ч ярихгүй байгаа гэнэ. Чи далайгаас хэр хол байдгийн, ойр байдаг бол холдоорой гэсэн чинь чи намайг айлгаад байна гээд байсан. Австралийн ерөнхий сайд эмэгтэйн нэг тиймэрхүү утгатай бичлэг ютубээр тарсан байна лээ. Хамгийн идэвхтэй энэ талаар ярьж, бэлтгэж байгаа нь манай монголчууд л юм шиг байна шд. Энд байдаг монгол оюутнууд амралтаараа монгол явж байгаа сурагтай.