Шинжлэх ухааны нэг салбарын зах зухаас нь мэрэх гэж хичээж яваа ухаантай мөртөө шинжлэх ухаан та бүхнийг мэдэгч чадагч шүү гээд итгээд найдаад суудаггүй адайр зан бий надад. Хэдэн томьёо тэгшитгэл хальт гадарладаг, бүр нэвт шувт (тэдний өөрсдийнхөөр тодорхойлолтоор) гаруудтай ана мана үзэлцээд сууж байдаг нэг мэдэхэд.
Шинжлэх ухаан нэг нэгээр, алхам алхамаар бодит байдалд ойртож байдаг. Бүгдийг төгс төгөлдөр мэддэг гэж бодвол том эндүүрэл. Анагаах эрүүл мэнд, биологийн шинжлэх ухааныг авч үзэхэд хөгшрөл, үхлийг давж чадаагүй л явж байна. Бусад ш.у ч бас ялгаагүй. Салбар салбартаа л тайлж тайлбарлаж дуусаагүй зүйл өчнөөн байгаа. Тийм болохоор ш.у-д чадах, харах хүрээ гэж байгаа. Тэр хүрээний радиусаас гараад явахад юу байгааг түй ч мэдэхгүй.
Оюутан байхад од гариг, эрхэс, энэ цэнхэр дэлхийн нас зүс, туулсан он жилүүдийн тухай хальт мулт хэдэн хичээл сонсоод өнгөрсөн ухаантай болохоор огт юу ч мэдэхгүй бусдын амаар явах санаа бас байхгүй. Ялангуяа байгалийн үзэгдлийн хувьд өнөөдөр хүн төрөлхтөн цаг агаарын хувьсал өөрчлөлтөө л хэд хоногийн интервалтайгаар багцаалдаж байгаа болохоос газар хөдлөлт гэх мэтийн үзэгдлүүд хаана хэзээ хэр хэмжээний хүчтэй болох вэ гэдгийг хэлэх туршлага чадвараа олж амжаагүй л явна. Тийм болохоор иймэрхүү зүйл дээр бүр ч итгэл муутай байдаг. Өөрийн нүдээр харж байж эсвэл өмнөх түүхийг сөхөж байж сая санаа амардаг.
Энэ блогт хувь хүний энэ тэрний тухай хувийн үзэл бодол байхаас биш ямар нэг байгууллага, бас ямар нэг үндэслэлтэй мэдлэг мэдээллийг түгээх талбар биш. Тиймдээ ч нэх олон хүн эргэлдээд байддаггүй байх гэж боддог. Одоо бодоход бусдад мэдлэг түгээе гэж ганц ч бодож байгаагүй юм байна. Тэгэж бодоод ул суурьтайхан шиг хэд гурван юм бичиж болох л байх. Өөрийн биш юмыг энд тэндээс хуулж суух нь төвөгтэй санагддаг шиг.
Анхнаасаа энэ блогийг бичихэд баримталсан зарчим бол өдрийн тэмдэглэл маягаар, өөрийн толгойд байгаа хэрэгтэй хэрэггүй бодлыг гадагшлуулах. Энэ нь өөрт минь нэг төрлийн амралт болдог. Тэрнээс бусдад хэрэгтэй мэдээлэл өгсөн тиймэрхүү формат загварт баригдуулахыг хүсээгүй. Цаг нь ирэхээр хэрэгтэй хүмүүстэй нь хэлэх хийх ёстой юмаа хуваалцах учраас ириклаамны пауз царайлж ойлгох, ойлгохгүй хүмүүстэй сайбэр ертөнцөөр харилцаж суух нь утгагүй.
Блог бичихдээ гаргадаг нэг том алдаа бол тухайн үед бодож байгаагаа л шууд буулгачдаг. Буцаад ганц удаа хянаж унших нь нэг ч байхгүй. Тиймдээ ч найруулгын бас үг үсгийн алдаа улаан цагаан тууж явдаг. Өөрөө өөртөө бичиж байж тиймэрхүү юмыг хянаж сууна гэдэг илүү ажил.
Энэ блогийг ер нь аливаа блог, нийтийн мэдээ мэдээллийн сайтуудыг уншигчид минь ганц нэг талыг нь барьж мэдээ мэдээлэлд хандалгүй авах гээхийн ухаанаар хандаж өөрийн саруул ухаанаар дүн шинжилгээ хийж байвал өнөөгийн мэдээллийн урсгал замбараагүй болсон үед оюун санаа болоод хувь хүний итгэл үнэмшил, хүмүүжил төлөвшлөө авч үлдэх арга зам болох байх.
Үнэт цагаа үрж хувь хүний хэрэгтэй хэрэггүй үзэл бодлыг уншчихаад итгэж үнэмшиж буруу зөрүү ярьж яваагийн бурууг би хүлээхгүй. Энд миний тархинд байгаа хогон бодлууд гадагшилж байгаа учраас тэр.
No comments:
Post a Comment