Tuesday, 26 July 2011

Юуны төлөө амьдрах вэ?

Ойрд шөнө нойр хүрэхгүй өглөө босох дургүй болчихоод байнаа. Шөнийн нэг цагт усанд ороод, хувцасаа угаагаад зогсож байх минь хэвийн үзэгдэл болсон. Ер нь аль намар арван сараас нойрны минь хэмнэл алдагдсан тэр хэвээрээ л яваад байх шиг байна. Өглөөний сэрүүлгээс өмнө сэрж угаасан хувцасаа гаргаж тохоод цаг орчим сэрүүн байдаг хэдий ч нүүрэндээ тос түрхчихээд шингэтэл нь хэвтий гээд хэвтэх нь буцаж унтах далим болчихно. Халуун бүгчим агаарт давчидсан хүн арайх гэж босоод гарах ажилдаа бэлдэнэ. Нэг иймэрхүү хэмнэлтэйгээр энэ зуны амьдрал өрнөж байх шиг байна даа. Шөнө эрт унтаж байхгүй бол элгэнд муу байдаг гэж нэг танил маань хэлсэн. Үнэн бол тусгүй л юм. Уул нь эрт унтаж сурья гээд арван нэг, арван хоёр гээд л орондоо ордог, гэвч эргэж хөрвөөсөөр нэг мэдэхэд хоёр цаг болчихсон байдаг. Тэгэж тэгэж нэг унтдаг шиг байгаа юм.
Сэтгэл хөдөлгөж догдлуулсан сайхан зүйлс их ховор байнаа, уул нь бүтэхгүй ч гэсэн дурлаад үзье гэж бодсон боловч нэг л биш санагдаад сэтгэлээ татаад авчихсан :(. Нэг л дурлачихвал хамгийгаа тавиад туучихдаг хүн ямар төлөвт орж үлдэх билээ гэж бодогдоод айсан. За тэгээд энэ хорвоогийн юмс бүхэн хуурмаг, хий хоосон болохоор аль зүйлд шунан дурлаж амьдрах билээ. Буддизмийн философид нэвт орж байх шиг байна. Заримдаа лам болмоор ч санагдах үе бий шүү, нуулгүй хэлэхэд. Хэрвээ сайн ерөөлөөр учирсан хүнтэй ханилж, сайн үр хүүхдээр өөрсдийгөө үргэлжлүүлж чадахгүй бол лам болоод буяны мөр хөөсөн нь ч шулуухан байж магадгүй санагдаад байгаа. Хязгаарлагдмал зүйлсээр тэжээгдэх хязгаарлагдмал бие организм хэдий удах ч билээ, үсрээд л 50 жил болох биз. Урьдын үйлийн үрээр хөврөх энэ амьдралд тэгтлээ хүлэгдээд байх хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу.
Хүн болж төрсөн энэ амьдрал уул нь их утга учиртай юм гэнэ. Даанч ихэнх хүн мэдэлгүй, өдөр тутмын, өнөө маргаашийн алба ажил, амьдралын аар саар зүйлд сатааран хамаг амьдралаа өнгөрүүлдэг аж. Тэгээд би бодож байна л даа, сахил сахиад лам болж чадахгүй бол бусдад хар буруу санаж төвөг бололгүй харин ч эсрэгээр нь боломжийн хирээр буян үйлдэж, сэтгэл ариухан амьдарья гэж. Жаран насыг зооглосон тэр нэг эмээ болсон цаг үед буяны зам мөрийн хувьд харамсахгүй амьдрах юм сан. Одооны нийгэмд бусдад материаллаг байдлаар тус болж байгааг тус болж байна гэж хэлэх байх. Миний хувьд хараахан тийм байдлаар туслах төвшинд хүрч очоогүй байна. Тийм болохоор өглөө оройд надтай холбоотой хүн, амьтан бүхний сайн сайхны төлөө залбирч байя гэж бодсон. Эхлээд ийм төвшингөөс эхлээд дараа нь аль алиных нь хүрээг тэлэх болно.
Энийг уншихад магадгүй үл ойлгогдох байж болох юм. Хэрвээ Буддизмийн философийг уншаад, уншсанаа жаахан ч гэсэн шинжлээд, сэтгэл санаа бие махбодио ариусгаад ирвэл энэ тийм ч сонин санагдахгүй байх.
Хэзээ дуусах нь тодорхойгүй амьдралаар амьдарч яваа та бид өөрөө өөрийнхөө төлөө өрөөл бусдад өчүүхэн ч гэсэн ерөөл өргөж, өөрөөсөө жоохныг ч гэсэн илүүчилж амьдарвал магад энэ амьдралын туйлын зорилго ч байж болох шүү.

Saturday, 23 July 2011

Амьтан амьтнаа хайрлацгаая

Зуны улиралд би ихэнхдээ хөл доорх газраа харж явдаг юм. Учир нь хөлийн доор нэгэн бяцxан ертөнц буцалж байдаг. Мэдээж энэ бол шавьжны ертөнц. Ажилсаг жижигхэн шоргоолжноос авахуулаад янзан бүрийн шавьжнууд нааш цааш сүлжилдэж байдаг учраас харалгүй гишгэсэн хөл доор няцарч амь үрэгдэх нь энүүхэнд. Зуны гуравхан сар амьдардаг хөөрхий тэндийг өрөвдөхдөө хөлөө тавьж буй газраа байнга харж явдаг. Заримдаа гэв гэнэтхэн нэг нь гарч ирээд хөлд доор орох шахаж намайг тэнцвэр алдуулж золтой л унагаачихдаггүй юм. Ихэнхдээ шоргоолжнууд л явж харагддаг, ажилсаг юм болохоороо. Өөрийнхөө биеэс арав дахин том үхээд хатчихсан амьтныг чирж хүн бидний тооллоор гуравхан сар амьдрах хугацаанд амьдралын төлөө тэмцэж яваа тэднийг хараад өрөвдөх, хайрлах, бахархах зэрэгцээд байдаг юм. Шөнө харанхуйд хөл доор юу байгааг харах боломжгүй учраас за ёстой уучлаарай гэж хэлээд алхахаас өөр замгүй, заримдаа хөл доор шар хийж дуугарахад яс хавталзаад маанийн зургаан үсгийг хэлчихээд явж өгдөг.
Амьтад, шувууд, шавж гээд хөдөлдөг өөрсдийгөө тэжээдэг, үр өндөгөө үлдээдэг бүхэн хүн төрөлтөн бидэнтэй адилхан айх эмээх, амьд байх юмсан гэсэн адилхан эрмэлзэлтэй байдаг. Энэ бүхнийг маш тодорхой харж болно, хамгийн наад захын ялааг аваад үзэхэд хүнээс айгаад зугатааж нисдэг. Иймээс ямар ч амьтад айх эмээх мэдэмсэр, өвдөх зовохыг мэдэрдэг ухамсартай нь гарцаагүй. Тийм болохоор өөрт минь ойр буй аливаа амьтанд санаатай болоод санаандгүй гэм хор болохгүй юм сан гэсэн нэг хүсэл, оролдлого байдаг юм.
Хүн гэдэг амьтан болох та ч гэсэн боломжийнхоо хэмжээнд ямар ч амьтанд амьдрах боломжийг олгож байгаарай.

Thursday, 21 July 2011

Ховор хүн

Аавын минь дүүгийнх гэж хүүхэд байхын манай хажууд айлсаж ирсэн айл байдаг байлаа. Авга маань өндөөр туранхайвтар, тослог бор царайтай үг дуу цөөтэй хүн.  Нэг дуугархаараа жинтэйхэн дуугарчихна. Найр наадам, элдэв илүү дутуу зүйлд дургүй, эмч домч, лам хард тэр бүр бараалхаад байхгүй. Өвдсөн ч ёо гэхгүй, хажуудах хүн нь л хүүе хаая гэж анхаарал тавихгүй бол өөрийгөө гэж явах нь тун ховор.
Модоор, төмрөөр, будгаар гээд юухан хээхнээр юм хийчихнэ. Бурхан зарим хүмүүсийг эсрэг хүнтэй нь тааруулдаг гэдэг шиг ахын эхнэр нь гэж хүүхдийг хүүхэд гэж голохгүй юм ярина. Хүүхэд байхад барагтай том хүмүүс биднийг тоож юм ярих биш тийм болохоор авгынд орж эхнэртэй нь хууч хөөрөх дуртай байж билээ. Хаяа хаяагаа дэрлэж их олон айлссаан манай хоёр гэр. Манай хорооны найм есөн айлыг аав, авга ах хоёрын нэрээр нэрлэчихсэн.
Авга маань ажлын төлөө төрсөн юмуу гэлтэй гар хумхиж зүгээр сууна гэж үгүй. Албаны ажлын хажуугаар хүн амьтны гуйлгын ажил хийнэ. Цоож хийнэ, түлхүүргүй цоожинд түлхүүр тааруулна, модоор авдар сав хийнэ, машины янз бүрийн эд анги гагнаж барих гээд хийх юм нь мундахгүй, тэр хэрээрээ гэрт нь олны хөл тасрахгүй. Үсээ засуулах гэж хүртэл хүмүүс очно, бурхан бологсдын хөшөөнд үсэг цохих гээд хийхгүй юм ховор санагддаг байж билээ. Юм хийлгэсэн хүмүүс хөлсийг нь өгөх нэгэн байхад, өгөхгүй хүн ч бас бий. Тэр бүрд нэхэл дагал болно гэж үгүй чимээгүй орхичихно. Архи уух нь бараг үгүй зун хаа нэг ах дүүсээрээ цуглаад наргих үед бяцxан халамцаад Сайхан хангайн буга дууг эр хонгор дуугаар дуулдагсан. Анх ахыг дуулж байхыг сонсоод барагтай дуугараад байдаггүй хүн их сайхан дуулахад нь их биширч билээ. Нэг л сонин уйлмаар ч юм шиг санагдаж байсан тэр үед.
Өглөө босоход л ахын юм хийдэг байшингаас нь төмөр хайлуулах хөөрөгний уухилах дуу, төмөр давтах дуу сонсогдож л байна, орой унтахад өнөөх дуу мөн л сонсогдсоор.
Хожим манайх буурь сэлгэж аймгийн төв рүү нүүсэн. Тэгэхэд олон жил айлсаж дассан хүмүүс нэг нэгэндээ хорогдоод бас л эвгүй юм билээ. Авгаас бусад нь нулимс унагасан байх. Аав маань нутаг амьтай гэж жигтэйхэн нүүж байгаа манайхыг гаргаж өгсөн нутгийн хүмүүсийн барьсан хундага бүхнийг тогтоосоор байгаад нилээд халчихсан. Манай нутаг руу очиж буй, гарч буй бүхний дайраад өнгөрдөг голын усанд толгойгоо шавшихдаа цамцныхаа энгэрийн кармаанд хийсэн даалинтай хөөргөө хажуугийн чулуун дээр тавьснаа авахаа мартаад бүүр хол нэг айлд буухдаа сая санаж авга ах дүүтэй хамт мотоциклээр давхиж аавын үлдээсэн хөөргийг авчирч билээ. Тэгэхэд авгын нүднээс нулимс гарсан болов уу гэлтэй нүднээс нь ус урссан ор тогтсон байхыг нь хараад ах маань бас уйлж гэж бодож билээ. Тэхэд нэг л сонин хоолой өөд юм огшоод бараг л уйлах шахсан. Хөдөөний хүүхдүүдийн нэгэн адилаар арван хэдтэйдээ тамхи сонирхоод улмаар дөчин хэд хүртлээ татсан. Хожим тамхинаас гарч өнгө зүс ороод их дажгүй болоод ирсэн ч харамсалтай нь уушигны хорт хавдар хэмээх эмчилгээгүй өвчин тусч яалтчгүй сөхөрсөн дөө, олон газраар эмчилгээнд явсан хэдий ч хүндэрсэн учраас эмчилгээ авч чадаагүй. Би боддог юм өдөр болгон шахуу төмөртэй ноцолдож, халуун хөөрөгний утаа, ууранд байж төмрийн үртсээр амьсгалж байсан нь өвчнийх нь шалтгаан байсан болов уу даа гэж.
Сүүлчийн мөчид нь надаас бусад манайхан бүгд байцгаасан. Хамгийн сүүлд гадаа гарч жаргаж буй нарыг харж жаахан суусан гэдэг юм. Энийг нь сонсоод хүний орчлонгоос явж буй тэрхэн мөчид хөөрхийдөө юухан бодож суусан болдоо гэж бодохоос нулимс урсаад амаргүй байж билээ. Монголчууд хүний ямар хүн явсныг нь өнгөрсний дараа нь мэддэг гэлцдэг. Ажил явдалд нь 200 шахуу хүн, 20 гаруй машин оролцсон нь ах минь чухам ямархан мөртөө амьдарсны нэг илэрхийлэл гэлтэй. Сумынхан авгыг маань ХОВОР ХҮН гэж нэрлэдэг байсан юм. Үнэхээр л энэ цаг үедээ баймгүй ховор хүн байсан даа. Тань шигээ олонд тустай, түмэнд итгэлтэй нэгэн байхсан гэж хичээх л юм. Гэвч хаана ч хүрэхгүй юм даа.

Sunday, 17 July 2011

Арван долооны наадам


За өмнөх нэг бичлэгэнд хальт дурсаад өнгөрсөн өвөөгийнхөө тухай дурссан бичлэг оруулья.
Манай нагац одоогоос арван дөрөв таван жилийн өмнө өвөөгийн дурсгалд зориулж хоёр гурван жил дараалан сумандаа долоон сарын арван долооны өдөр бэсрэгхэн наадам хийдэг байсан юм. Сумын хүмүүс их дуртай тэр наадамд. Наадам дөхөхтэй зэрэгцээд хүмүүс арван долооны наадам болох уу гэж манайхнаас байнга асууна. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг болохоор наадам дууссанд хорогдсон хүмүүст арван долооны наадам сайхан санагддаг байсан байж болох юм. Мэдээж цар хүрээ далайцаараа яаж сумын наадамтай дүйцэхэв. Гэхдээ л под хийсэн наадам болчихдог байсан. Хоёр гурван насны морьд уралдуулж, нилээд тооны бөх барилдуулчихна. Бай шагнал нь харин нилээд нүнжигтэй байлдаг байв. Барилдсан бөх, уралдсан морь бүхнийг дурсгалын зүйлээр урамшуулчихна. Одоо тэр наадмыг дурсаж суухад сайхан байнаа. Хоёр гурван жил дарааллуулаад хийсэн болохоор сүүлдээ бараг уламжлал тогтох шахуу болж, зэргэлдээ сумаас зорин ирэх хүмүүс ч байдаг байв.
Өвөөгөө яг үнэндээ их сайн мэдэхгүй л дээ. Эмээгийнхээ амнаас сонссон дурсамжаар төсөөлж, нэг үед ноцолдож явсан бөхчүүдийн хаа нэг бөхийн номонд үлдээсэн хууч ярианаас л багцаалдаж явдаг юм. Өвөл нь жин тээж хүрээ рүү их явдаг, зун нь энд тэндэхийн наадам хэсээд гэрийн бараа хардаггүй хүн байсан гэдэг. Явж явж ирэхдээ хол ойрын баахан бөхчүүд дагуулаад бөөн сүр бараатай хүн гэрийн бараа хардаг. Нэг өвлийн ид хүйтнээр баахан бөхчүүд дагуулсаар гэртээ ирж. Хоол хош энэ тэр гээд хөл хөс болсон эмээ маань гаднаас оруулж ирсэн тэс хөлдүү хонины хүзүүг нугалаад өг гээд өвөөд өгч. Өвөө аваад гараараа нугалсан гэдэг. Улмаар гарын шуу нь задарч байсан гэсэн. Бөхчүүд явсны дараа эмээг зэмлэж гэнэ, чи надад яагаад хутга авч өгсөнгүйв, би энэ олон бөхчүүдийн дэргэд нэрэлхэхдээ гараараа учрыг нь оллоо гэсэн гэдэг. Хожим энэ тухай ярьж буй эмээ маань би гэж халаа хүн яриандаа халаад хутга өгөхөө мартчихгүй юу гэж байсан юм. Төрсөн дүү нь болох настай эмээгийн олоон жилийн өмнө сонинд өгсөн дурсамж ярианаас одоо санагдаж байгаа нь, зун бух үнээ саалгахгүй хэцүү байдаг байж л даа. Өнөөх бухыг барьж аваад эврээр нь газар зоочихдог байсан юм гэдэг. Гэх мэтээр өвөөгийн тухай дурсамж ярианд их бяртай хүн байсан гэдэг нь анзаарагддаг.
Хэдий их хүч чадалтай аатай хүн ч гэсэн тэнгэрийн дуу цахилгаанаас айна гэдэг нь тоймгүй байсан гэсэн. Бас бух шар хооронд нь мөргөлдүүлэх, нохой хооронд нь зодолдуулах дуртай байсан гэдэг. Нэг өдөр шараа тэргэндээ хөллөөд уул руу түлээнд явж. Яваад удаагүй байтал нь бөөн хар үүл гарч ирээд баахан дуу цахилгаантай бороо орж. Эмээ ч дотроо бодож  за манай хүн ч түлээгүй л гүйгээд ороод ирэх байх даа гэж. Гэтэл бороо ордогоо ороод намддагаа намдсан хойно ирж. За чи энэ их бороонд айсангүй юу гэж эмээг асуухад, өөрийн хөллөж явсан шараа айлын шартай мөргөлдүүлээд бороо орж байгааг анзаарсангүй гэсэн гэдэг.
Нэг өвөл гэнэт л бие нь муудаад хот руу явсан. Хожим нь бурхан болсон гэсэн хэл ирж, тусад ороогүй хэдэн жаахан хүүхэдтэй үлдсэн эмээ маань ихэд хэцүүдэж байсан гэдэг. Тэр үед  (тавиад оны сүүл үе) утас харилцаа холбоо гэж байх биш, хүний амнаар л бүх мэдээлэл дамждаг байсым дагуудаа. Хүч бяр ихтэй хүмүүст уушиг нь айрагдах гэдэг өвчин байдаг юм гэсэн, тийм өвчнөөр л өөд болсон гэдэг.
Жинд хамт явдаг байсан хүний хүүхдүүд нь өвөөгийн маань өмсгөлийг авчихаад өгөөгүй. Сонин хүмүүс бас байна шүү. Ах авах гэж нилээд үзсэн боловч, ээж хүний сэтгэлийн хор орцон юмаар яах юм, бидэнд юм болохгүй гээд хориглоод байхаар нь больчихсон.
Өвөөг ид барилдаж байх үед цаг үе төдий л боловсронгуй биш, зургийн аппраат эд нар одоотой адил элбэг хангалуун биш байсан учраас зураг хөрөг нь их ховор үлдсэн байдаг. Одоо хэр нь бид нар яг л энэ зураг манай өвөө мөн дөө гэх зураг олоогүй л байна. Нэг хүн энэ зураг мөн гэж байхад өөр нэг хүн тэс өөр зураг заах. Гэх мэтээр зураг нь тодорхойгүй. Мөн Хөвсгөл аймагт байх өвөөгийнхөө хамаатан саднуудаас ганц ч хүн мэдэхгүй. Ер нь манай өвөөгийн түүх болоод хамаатан садан нь бидэнд их бүрхэг байдаг юм. Одоо тэгээд өвөөг минь мэдэх хүн ч бараг байхгүй болж байх шиг байна даа. Хөвсгөл зүгийн хүн тааралдахаар бараг мэндийн зөрүүгүй асуучих гээд байдаг юм. Санаж явбал бүтдэг, амьдрал өөрөө баялаг уудам болохоор хэзээ нэг өдөр ах дүүс учирах өдөр бий гэдэгт итгэж явдаг.
Дээр байгаа зургийг өвөөгийн танилцуулгатай хамт нэг сайтан дээр байрлуулсан байхыг нь ахад үзүүлтэл энэ зураг биш гэсэн. Гэхдээ би мөн гэж бодоод байлгаад байдаг юм.

Saturday, 16 July 2011

Ойр зуурхан

Наадам дуусаагүй л болтой, монголд. Интэрнээт нааам жим. Мээсэнжэр эднүүд эв эзгүй нэг тиймэрхүү. Би энд баахан завгүй л байна. Тухтай дуу ч сонсож чадкүү. Завгүй гэж бодсон бодол өөрөө хүнийг ямар нэг юм хийхэд хаалт болчихдог шигээ. Үзэж харсан ч зүгээр л нүдний өмнүүр жирэлзээд өнгөрнө, тархинд шал өөр бодол ачаалаастай. Орой хөрвөөж хөрвөөж унтана, өглөө хэвтэртээ хорогдож хорогдож босно. Боссоноос унтах хооронд юу болж буй минь төдий л тодорхой бус санагдана. Харин унтахаас босох хоорондох зүүдний ертөнц минь жинхэнэ найс. Өнөө л кино шиг зүүд минь хэв хэвээрээ.
Үе үе онгоц унаж байна гэж зүүдлээд байх юм. Нилээн хэд хоногийн өмнө улаан бичигтэй онгоц далайн усанд аваарын буулт хийжийна гээд зүүдлээд. Хятад, Сингапур зүгийн л онгоц шиг байсан. Тэгсэн урд шөнө эмэгтэй нисгэгчтэй онгоц далавчаараа шонгийн мод мөргөөд дэлбэрчлээ гэж зүүдлэв. Манай монгол онгоц шиг санагдсан шүү. Бурхан минь зүүд зүүдээрээ л үлдэх болтугай.
Өнөөдөр жаахан дэлгүүр хэсэв. Хүнс цуглуулахаас бусдаар дэлгүүр хэсээгүй найм, есөн сар болчижээ. Зун өмсөх ойр зуур юм авсан чинь богино шоортноос бусад нь нил цагаан болчихсон. Цагаан сандаал, кээт, подвоолк, юубэк, цүнх гээд. Энэ зуны миний өнгө цав цагаан болж байх шиг байна. Амархан хиртээд ойр ойрхон угаах нь л тийм юм даа. За яахуу яахуу нэг удаа ингэж ганц өнгөөр дагнаж үзий. Сонирхолтой шдээ бас. За нэг иймэрхүү.

Thursday, 14 July 2011

2011-07-14

Ойрд нээрээ юу болоод байгаан бүүр мэдэхээ байлаа. Сая хоёр хоног лав наадам боллоо. Наадмын нээлт их гоё болсон. Бөх л жаахан санаанд хүрсэнгүй, сул давстай хоол шиг л нэг сонин санагдсан. Заавал том цолтой бөхчүүд түрүүлэх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээ байгаад байгаа юмуу хаашаа юм, нэг тиймэрхүү. Өчигдөр орой танилтайгаа хамт сууж бөх үзэв. Долоогийн даваанаас хойш, дуустал нь эвшээлгэн эвшээлгэн үзлээ. Бөхчүүдийг бөрр танихаа больжээ, хамгийн сүүлд хэзээ бөх үзснээ ч санахгүй байна. Дандаа танихгүй, нэрийг нь сонсоогүй хүмсүүд. Таньдаг бөхчүүд маань гөхширчижээ. Бас дээрээс нь таргалаад хэлбэр, галбираа ч алдацгаачихаж. Манай нутгаас лав л нэг заан төрсөн, начин төрсөн эсэхийг мэдээгүй. Ийм амжилттай наадлаа миний хувьд. Сүүлийн жилүүдэд манай нутгаас гойд бөх гарч ирэхгүй тиймэрдүү л байгаа юм, уул нь цагтаа юу л байна бөх л байсан юм билээ.
Монгол улс маань үнэхээр олон уламжлалт ёс заншил, жудагтай ард түмэн юм гэдгийг маш ихээр ойлгоод, дээрээс нь тэдгээрийгээ хадгалаж, хямгадах юмсан гэсэн бодол төрж суув шүү бас. Өвөөгийнхөө тухай дараа л бичийдээ, ойрд бичлэг оруулах завгүй байнаа.

Sunday, 10 July 2011

Сайхан наадаарай


Өнөөдөр манай хотын наадам боллоо. Энд ирсээр наадам энэ тэрт явж байгаагүй хүн энэ жил очиж үзэж сонирхсон чинь тувт бороо орсоор байгаад таарлаа. Саравчин доор л баахан суух шив. Өглөө гэрээс гарахдаа цүнхтэй явахаасаа төвөгшөөгөөд гарсан маань аппраатгүй явах нөхцлийг бүрдүүлж, улмаар ганц ч зураг дарсангүй. Хүмсүүдийн аппраат дээр ганц нэг сүүдэр бий байх. За тэгээд энэ жилийн наадам их л дурсгалтай боллоо доо. Учир нь бороо намдахыг хүлээгээд байсан чинь бөрр зогсох шинжгүй тэгээд аргагүйн эрхэнд бөх барилдах уу яах уу гэж хэлэлцээд мань бөхчүүд өөрсдөө бороотой ч барилдана гэснээр шилбээрээ татсан усан дунд хүчит бөхчүүд маань барилдаж эхлэв. Талбай бол тэр чигээрээ ус, яг нуур гэсэн үг. Өмнө ийм нөхцөлд наадамлаж байгаагүй, наадамлаж буй хүмсүүдийг хараагүй миний хувьд их онцлог наадам боллоо гэж үзэж байгаа.
Туранхай ч гэсэн эрэгтэй хүмүүс чинь бас тэгжийгаад айхтар шөрмөстэймаа, за даа энэ нөхөр ч юу удахав дороо л уначих байх гэхээр тэсээд, зууралдаал байхым, сүрхий сүрхий.
За тэгээд бурхангүй газар бумба яана, жаран чуганц уралдахад нэг нь түрүүлнэ гэдэг болохоор сумын цолтой, бусдаасаа арай бөхлөг хэлбэр галбиртай, дэвээ шаваандаа зүгширчихсэн нэг бөхчин залуу түрүүлэв дээ. Тэхдээ бас тэрүүхэндээ шуугиулсан барилдаан болсон дог шүү. Би ми чинь аа уу, яанаа ийнээ гэцэн сууж байхыг бодоход. Аа тий яг тарангуут тэнгэр айхтар дуугарсан нь салют буудаж буй мэт л санагдсан. Тараад гэрийн зүг гэдэн годон, өнөөх бороо орсон хэвээрээ. Хувингаар цутгаж байгаам шиг гоожоол. Энэ жилийн миний наадам нэг иймэрхүү.
2008 оны наадам шиг санагдахын, тэр жилийн сүүлийн өдрийн барилдааныг өглөө эхлэхээс ахуулаад үдэш дуустал нь цэнгэлдэхийн баруун хойд асар дотор бөгсөө хавтгай болтол сууж үзэж билээ. Ах, ахын найз хоёртой. Ам цангаад юм уугаад, өнөөх нь гадагшлах гээд нойлд оочерлосоон бас завсарлагаанаар нь. Аймаар урт цуваа үүсцэн байсан, 150 төгрөг тушааж байж банкаа дундалсан санагдана. Тэр жилийн гоц барилдаан гэсэн сайн санагдахгүй байна. Лав Өсөхөө аварга их эрт уначихсын. Ахын найз нь аваргын нутгийнх. Тэгсэн мань хүн шууд явья гэж авдын, бөх дуусах яагаачгүй байхад шар хор гэж л тэр байх даа. Хэ хэ ах өнөөхийг шоолоод намайг сэмхэн нудраастай.
За байзуу, 2005 оны хавьд юмуу бас сүүлийн өдрийн барилдааны хагасыг бөхчүүдийн асрын хажууд сууж үзэж билээ. Зурагтаар л хардаг бөхчүүд амьдаараа аймаар ойрхон хажуугаар явж бариал гоёым билээ. Тэр жил тэрний урд жил нь ахын том банди өсвөр зодоглоод наана нь бас цамцных нь ханцуйг мушгиж суув шүү.
Эмэгтэй хүн байж нээрээ би бөхөд их сонирхолтой, үзэхээр нэг л сайхан гоё энерги аваад байдгийн. Бодуул хийморь сэргэнэ гэдэг нь тэр байх. Генэнд хадгалагдсан мэдээлэл бас их нөлөөлдөг байх. Манай ээжийн маань аав улсын заан цолтой бөх хүн байсым гэнэлээ. Бүүүр 1930 оны эхэн үеийн даншигт 1024 бөхөөс шөвгөрч шууд заан цол авч байсан түүх нь байдаг. Архангайн Чимэд-Осор аварга өвөөг багшаа гэж үздэг юм билээ. За маргааш нөгөөдөр өвөөгийнхөө тухай бичихийг бодноо.
За тэгээд таанууд минь болоод монгол гэдэг зургаан үсгээр овголж явдаг хүн бүхэн хүн малын зоо тэнийсэн дэлгэр зуны налгар өдрүүдээр дэнж хотойтол сайхан наадаарай.

Friday, 8 July 2011

Байгаа бүхэндээ талархаж амьдарцгаая

Амьдралын бүх зүйлд талархаж баярлахгүй байхын аргагүй юм даа. Хэн нэгний урласан хувцасыг өмсөж, хэн нэгний хийсэн хоолыг идэж, хэн нэгний тарьж ургуулсан жимс ногоог амталж, хэн нэгний зохион бүтээсэн техник тенологийг өдөр бүрийн амьдралдаа хэрэглэж байгаа минь юутай сайхан завшаан билээ. Хүмүүстэй хамт энэ цэнхэр дэлхий дээр амьдарч, тэдэнтэй хамт цаг хугацааг туулж буй минь азтай хувь тохиол биш гэж үү. Асуудалгүй, бэрхшээлгүй зүйл гэж нэгээхэн ч байхгүй билээ. Тэр бүхнийг эергээр харж зөв гарцыг олж харах нь л чухал байх. Бодоод байхад нүд ирмэх зуур өнгөрөх хүмүүний энэ амьдралыг гуниж, уйтгарлаж, гомдоллож өнгөрүүлнэ гэдэг байшгүй, тэгэж суух цаг хугацаа баймгүй мэт л санагдах юм даа.

Thursday, 7 July 2011

Wednesday, 6 July 2011

Багшийн маань төрсөн өдөр

Өөрөө дандаа инээж өрөөлийг бас инээлгэж байдаг жинхэнэ сэтгэлийн амар амгалангийн амьд оршихуй болсон хүн дээ. Бүүр цаанаасаа хүүхэд адил огшиж ирээд инээж байгааг нь сонсох дуртай.
Дээрхийн гэгээн арван дөрөв дүгээр дүрийн Далай лам Данзанжамц багшийн төрсөн өдөр тохиож буй билэгт сайн өдөрт зориулан сонсох дуртай сургаалиар нь бичлэг үйлдлээ.
Эх болсон зургаан зүйл хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижирч амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болох болтугай.

 Үнэн сэтгэлээр амь бие ч
Өнгөрсөн одоо ирээдүйн буянаа ч
Үргэлж бусдын тусын тулд
Өчүүхэн ч эргэлзэлгүй ямагт зориулсугай би
Аян замд зорчигчдын харгуйг ч
Асагч зул хүсэгчдийн гэгээ нь ч
Амрах ор мөрөөдөгчдийн ор нь ч
Ажиллах боол эгээрэгчдийн зарц нь ч
Асралаар гачигдагч бүгдийн аврал нь болсугай би
Аръяабал хутагтын нигүүлсэнгүйн мутраас
Асгаран үргэлжилсэн сүүн далайгаар
Ангасан бүгдийн шаналал амирлаж
Ашдын жаргалд умбах болтугай

Зэвт сумны аймшигт мөндөр
Балт хурын намираа дусал болтугай
Зэвсэг барин зөрөлдсөн хэн бүхэн
Цэцэг барин золголдож байх болтугай
Хэн намайг ачилваас та
Хэн намайг гүтгэвээс та
Хэн намайг үл танигч та ч гэсэн
Хэн бүхэн хотлоор төгс амгалант болтугай
Огторгуйн хязгаар хаа хүрэвч
Орчлонд амьтад ээлжлэн төрсөөр байх тул
Асрахуйн сэтгэлээр би мөн төдийд тэнд
Амьтдыг асран удирдаж явах болтугай
Атгаг хорыг анагаах эм
Амгалан жаргалангийн гарах уг
Ариун дээд гэгээрлийн сургааль энэ нь ч
Арван зүгтээ цаг тутамд түгэн дэлгэрэх болтугай


Сансар огторгуй хэдий чинээ удаан үргэлжилнэ
Хүмүүн төрөлхтөн хэдий чинээ оршин тогтноно
Төдий чинээ миний бие сэтгэхүй ертөнц дэх гай түйтгэрийг арилгах тусын тулд амьдарсаар байх болов уу.

Дээрхийн гэгээн арван дөрөв дүгээр дүрийн Далай лам Данзанжамц

2011-07-06


Урд шөнийн зүүд гэж жинхэнэ кино шиг юм болдын. Шөнийхийг нь үлдээгээд өглөөгүүр зүүдэлснийг нь бичье.
Баахан хүн цуглачихсан нэг том талбай байх. Хаанаас ч юм нэг жижигхэн охин миний хажууд хүрээд ирчихсэн байх юм. Манай хамаатны л хүүхэд бололтой, бид хоёрын бие биетэйгээ ярьж буй байдлаас үзэхэд. Миний үсэнд байгаа нивтээкийг харчихаад авья гээд, би айхтар хүүхэд шүү хаа байгаа холоос хүний толгой дээрхийг олоод харчдаг гэсэн шүү юм бодоод байсан. Тэгсэн нөгөө хүүхэд маань талбайн гол руу хүүе гэхийн зуургүй яваад өгөхийн, гэтэл яг тэр үеэр нь гэрэл унтарч таараад. Яг унтрахын өмнө хаанаас ч  юм дугуй унасан хүн гарч ирээд нөгөө хүүхдийн хажуугаар өнгөрөх үед нэг хүн нөү нөү гэж хашгирахтай зэрэгцэн гэрэл асахад нөгөө хүүхдийг маань дугуйтай хүн хулгайлаад яваад өгсөн байв. Би хамт байсан хүмүүстэйгээ хойноос нь хөөгөөд гүйв. Гүйх биш үндсэндээ агаар дээр нисэж байв, хоёр хөл тэр доор хий дэмий л сарваганана.  Яг энэ үеийн мэдрэмж нисэж буй мэт санагдаж тун таатай байв. Дараагийн үзэгдэл таньдаг эгч хүүхэдтэйгээ хамт явахтай нь тааралдаад өнөөх явдлаа ярилаа, хүүхэд алга болсон гэж. Гэтэл тэртээгээс баахан бараан зүсмийн хувцастай хүмүүс айсуй, нэг тийм рокууд шиг ч юмуу эсвэл загвар өмсөгчид ч юмуу тиймэрхүү стилтэй залуучууд. Тэд сайн хүмүүс шиг харагдсангүй, нөгөө эгчтэйгээ хамт хүүхдийг нь хөтлөөд нөгөөдүүлийн замаас холдон явах зуур тэр бараг ойртоод ирэв. Надад төрж буй мэдрэмж тэднийг хараад хэрэггүй гэсэн мээсэж байв. Хальт харахад зарим нь тас хар царайтай нигерүүд, зарим нь хүн гэхээргүй үнэхээр сонин царайтай. Азаар тэд янз бүр бололгүй хажуугаар явж одов.
Удаах үзэгдэл: Энд байдаг, бид биенээ таньдаг нэг монгол эмэгтэй байдгийн. Тийм дотно биш, тааралдаагүй, утас шөрмөсөөр холбоо бариагүй бараг долоо найман сар болж байна. Гэтэл үе үе зүүдэнд ороод байдаг юм их сонин, уг нь хүн өдөр бодсон эсвэл харсан юмаа зүүдэлдэг байх ихэнхдээ. Тэр хүнтэй уулзах байтугай бодоочгүй байхад зүүдлээд байгаад үнэхээр гайхаад байдын. Тэднийд очиж байхын. Тэгсэн тэр өөрөөсөө дөрөв дүү монгол залуутай хамт амьдарч байхымаа, уул нь бодит амьдрал дээрээ америк залуутай найзалж байгаа гэж хүнээс дам сонссон юм. Гэрт нь ороход үүдэндээ хөшиг татчихсан гаднаас хэн орж ирж байгаа нь мэдэгдэхгүй шахам байхад намайг ирж байгааг мэдээд байх юм. Яваад орлоо. Өнөө хоёр хоёулаа үсээ хоёр хуваагаад сүлжчихсэн байх юм, дээр үеийн хүмүүс шиг. Нөгөө эмэгтэй маань жирэмсэн болчиж, одоо есөн сард төрөх гэж байгаа гэнэ. Би дотроо бодож байгаан, за ашгүй дээ монголтойгоо суучиж, насны зөрүү нь дөрөв хэдий ч тэгэж харагдахгүй л байна даа гэсэн шүү юм. Тэгсэн нөгөө хоёр чинь нэрнийхээ үсэгнүүдээр зохицлоо тааруулна гээд нэг самбар авчираад дээр нь нэрээ бичээд унахын. Хүүхэд байхад нэг тоглоом байдаг байсан даа, сайн эсвэл үерхдэг хүүхдийнхээ нэрний үсгүүдээс өөрийхтэйгээ адилханыг нь дарсаар байгаад сүүлд таараагүй үлдсэн үсэгнүүдийг тоолоод байдаг тоглоом. Тэрийг л тоглох гээд байх шиг. Та хоёрын нэрэнд ижил үсэг ховор шд. Энэ тоглоом худлаа итгээд хэрэггүй гэж би дотроо бодоод байсан.
Сүүлийн үзэгдэл: үнэн олон юм зүүдэлсэн шүү. Нэг тийм дуу аялгууг яг жинхэнээр нь сонсож зүүдэлсэн, бүр нарийн нугалаа хэлбэлзэл эд нарыг нь яг бодит амьдрал дээр сонсож байгаа юм шиг. 

За нэг иймэрхүү

Tuesday, 5 July 2011

Захиа

Магадгүй тэр захиа эсрэг хүйстнээсээ авсан хамгийн их догдлуулсан ганц захиа байсан байх. Яг өөрийн махан гараараа, бал барин цаасан дээр сэтгэлээ илэрхийлсэн үгээ хичээнгүйлэн бичихдээ чичирч буй гарынхаа хээ, биеийн халуун илч бас үнэрээ шингээсэн тийм захиа авсан минь одоогоор ганц л байна. Хойшид авах эсэхийг бүү мэд, магад хэн нэг армаанчиг хүнтэй таарвал авч болохыг үгүйсгэхгүй. Электроон захиа бол мэдээж наяадыг авсан ч төдийлэн сэтгэл хөдөлгөөд байдаггүйм, гэхдээ устгаж чадалгүй инбооксоо дүүргэн дүүргэн байлгаад байдгийн.
Тэр захиаг авсан мөч өөрөө захиа шигээ бас их сонин байсан. Зуны амралт эхэлчихсэн, хоёр тийш салах өдрийн урд орой хэн хэндээ хорогдсон хоёр. Нэгнийгээ нөгөөх нь хүргэж өгөхөөр явцгаав. Гэрийн гадаа ирээд ТҮЦнээс бохь авья гэсэн миний хүсэлтэнд тэр дургүйцсэн. Гэрийн гадаа ирээд хол биш ч бас тийм ч ойр биш зайд хэн хэн нь эг маг хийн хэд гуруун үг солих зуур мань хүн карманаасаа боодол орбит гаргаад ирэв. Задлаад нэгийг өөрөө аваад над нэгийг авч өгөөд үлдснийг нь дараа зажлаарай гээд над өгөв. Би ийм ихээр яах юм гэхэд дараа тэгээд бүгдийг нь дуустал зажлахгүй юу гэв. Хэсэг зогсож байгаад юу ч бололгүй салцгаав, ядаж нэгнийгээ үнсээчгүй шүү. Гар барьцгаасан байж магадгүй, мартчихаж. Долоон сарын эхээр ийнхүү бүтэн зуны турш хол байхаар салж одоцгоов.
Намар хичээл эхэллээ. Эвхэж далд хийсэн хувцаснуудаа гаргаж ирэн угааж цэвэрлэх гээд хармаатай бүгдийн хармааг шалгаж, бяцxан нэгжлэг хийв. Гэтэл нэг жийнсэн өмдний кармаанаас нэг хоёрыг л авсан болуу гэлтэй бараг боодлоороо шахуу орбит гараад ирэв. Аа хавар мань хүн өгжийсан бохь байна гэж бодоход дулаахан санагдаж байв. Нэгийг автал цаана нь бохиноос өөр юм байх шиг гарт мэдрэгдэж сайтар хартал баахан хуйлж нугалсан цаас гараад ирэв. Гайхаад нээтэл түүнээс надад хэмээн харилцан нэрс бичсэн тэрний захиа байх нь тэр. Гайхах, баярлах зэрэгцэн зүрх түг түг хийн захиаг уншиж дуусгав. Яг өгсөн үед нь уг захиаг уншаагүйдээ бяцxан харамсав. Боодол бохь гэж л бодсноос биш дотор нь захиа байна гэж хэн санахав. Тухайн үеийн мань хүний сэтгэл хөдлөл, захиа бичсэн их зоригийг илүү дутуу үггүй цөөн хэдхэн үгтэй ур дүй муутай эр хүний хичээгүйлсэн бичгээс нь мэдэрсэн дээ.

Saturday, 2 July 2011

Том эгчийн төрсөн өдөр

Өнөөдөр манай том эгчийн төрсөн өдөр. Бид тав дотроо харьцангуй адал явдалтай амьдралыг туулж яваа хүн. Их хүчирхэг, дайчин эрэмгий эмэгтэй хүн гэхэд эршүүд зан давамгайлсан юм шиг санагдаад байдаг юм. Нэг хүнд яаж ийм олон чадвар авьяас байдаг юм бэ гэмээр юм юмны дөртэй, авьяастай. Урлаг гоо сайхны мэдрэмж маш өндөр. Дуулуул дуулчина, бүжүүл бүжчинэ, зуруул зурчина, оёж хатгана, тарьж ургуулна гээд нэг хүнд баймгүй олон сонирхол, авьяастай.
Хүүхдүүд нь ээжийгээ дурайцан гэж байгаа.
Гартаа их бяртай. Баргийн эр хүнийг хямдхаан цохиод унагаж мэдэхээр. Ямар сайндаа согтчоод далчигнаад байсан ангийнхаа нэг залуугийн хөмсгийг сэт цохичихсон байхав. Арав дугаар ангиа төгсөхөд нь удмаа дагаж бөх болгоно гээд бөхийн сургуульд явуулах санал гарч ирсэн ч эмэгтэй хүүхэд сав бөөр нь доргичино гээд төдий л дэмжигдээгүй. Гэхдээ эгч минь тийм бүдүүн хадуун хэлбэр галбиргүй хүн бишээ, бөх энэ тэр гэхээр тийм дүр зураг бууж байж болох юм. Тэвхийсэн өргөн цээжтэй, нарийхан бэлхүүс, хонгоо шүргэсэн өтгөн урт хар гэзэг, тас тас инээхэд нь яралздаг тэгш цагаан шүднүүд, дугуй цэвэрхэн цагаан царай, инээхээрээ алга болчихдог хоёр нүд. Ийм дүр төрхтэй охин явахад нь их олон эрчүүд сэтгэл алдарч явсым гэнэлээ. Би бага байсан болохоор нарийн ширийнийг нь тэр бүр мэдэхгүй. Нэг хүн лав гэрт орж суучаад гардаггүй байсан гэсэн. Эгч өөрөө сүүлд ярьж байх нь тэр гэж нэг мэдрэл муутай юм орж ирж мэлийтлээ хараад суучдаг байсан гэж билээ.
Гүдэс гүжирмэг нь дэндсэн бас их өөрийхөөрөө хүн. Ямар сайндаа анхны дурлал нь бүтэлтгүйтэж шаналахдаа баруун гарынхаа шуун дээр хэн ч хэрэггүй гэдэг үгийг цэнхэр өнгийн бэхээр шивүүлж байхав. Саявтархан тэр шивээс нь харагдаж байсан. Зун ханцуйгүй хувцас өмсдөг болохоор түүнийгээ бусдын нүднээс нуух гээд байнга тэр хэсэгтээ шархны лээнт наачихдаг. Нөхөр нь эмч болохоор тэрийг нь шаруулж арилгана гэсэн гэж хэлж байсан гэсэн нь юу болсон юм байгаан, одоо.
Хүүхэд байхад эгчийн нэг хообий нь гуравдагч орны дуучид, кино жүжигчдийн зураг, сонингийн хайчилбарууд цуглуулах байлаа. Тэрэндээ дуртай, идэвхтэй гэж жигтэйхэн. Гэрийн нэг ханаар дүүрэн зурагнууд. Саандра (Германий дуучин байхаа), Оросын ид мандаж байсан одууд Пугачева, Лентов, Малинен, София Ротару, Бийтлзийн дөрөв, Modern Talking гэх мэт зөндөө л зурагнууд байдаг байсан. Тэр үед хөрөнгөтөн орны юм гээд тиймэрхүү зүйлс бараг хаалттай байсан байх шүү. Оросоос бусад нь. Эгчийн цуглуулсан орон орны дуучин жүжигчдийн зурагнаас гадаад ертөнцийн урлагтай анх танилцаж байв.
Ангийхан нь цуглачихаад бэрээк гэдэг бүжиг хийнэ гээд газар уначихаад л сонин сонин хөдөлгөөн хийгээд байдаг байж билээ. Бид нар нэрийг нь бэрээтик гээд тогтоочихсон. Та нөгөө бэрээтикээ хийгээч гээд эгчийг заримдаа шална.
Нэг өдөр магнитфооноо ажилуулна гээд тогонд залгачихсан чинь пис пас гээд утаа гараад л явчихсан эгч сандарсан даа барьж байсан хөгжмөө ор луу шидчихсэн. Тогны хэлбэлзэл ихтэй байх үе таараад хайртай хөгжмөө шатаачихаж билээ.Оросын дуучдын баахан пянз. Тоглуугч нь олдохгүй өнөөхөө сонсох гэж нилээн юм болдог байсан даа.
Тэр үеийн хэллэгээр чанамал гэгддэг одоо цагийн жийнсэн өмдний олдоц тэр үед ховор байлаа. Нэг удаа эгч чанамал өмд хийж өмсөх гээд цагаан өмдөө ягаан өнгийн бэхээр өнгө оруулсан усанд буцалгаж байсан нь бүдэг бадаг санагдаад байдгийн. Нүдээ хар хөх өнгийн тээнээр буддаг болсон чинь аав ээж хоёрын дургүйцэж байгаа гэж тоймгүй. Хөхөртлөө цохиулцан юм шиг юу гэж ингэж буджийдын, боль гэж мянгантаа хэлсэн боловч эгч будсаар л байсан. Ер нь шинэ соргог юмыг туршиж үздэг их сониуч хүүхэд байсым шиг, одоо ч энэ зан нь хэвээрээ.
Нэг бөх маягийн хүнтэй танилцаад сар ч болоогүй байхад цаад хүнийх нь гэр орныхон хадаг барьж ирээд гялс сүй тавьчихаж билээ. Их шуурхай хүмүүс байсаан, тэр айлыхан. Тэгээд тун ч удаагүй байтал гэнэт нэг эмч залуу гарч ирээд эгч өнөөт сүйт хархүүгээсээ илүүтэйгээр эмч залууд сайн болоод намар хийхээр төлөвлөчихсөн байсан хуримаа кээнсэлдээд, нөгөө айлыхаа хадгийг буцаагаад бөөн сэнсаац болж билээ. Ээж аав хоёр бүр хамаг юмыг нь бэлдээд айлд очиж байгаа эмэгтэй хүнд юу л хэрэгтэй байдаг тэр бүхнийг нь жин тан болгоцон байсан. Би хүртэл хуриманд явна гээд багштайгаа яриад чөлөө энэ тэр авцан байв шүү. Эгч нээрээ баллаж бас бужигнуулж байгаа байхгүй юу, тэр үедээ өнөө бөх залууг майр өрөвдсөн шүү, болдог бол би өөрөө суучмаар санагдаад, Даанч би жоохон хүүхэд байсым чинь, ямар ч гарц байхгүйшд. Тэр үед эгчийг загнаагүй хүн бараг байхгүй байсан доо, бүгд л нэг нэг юм хэлж байгаам чинь. Эмээ харин тас өмөөрч билээ, эгчийг. Сүйн хадаг буцаах байтугай суух гээд хуримандаа хүргүүлж яваад буцаад ирчихсэн хүн би байж л байна, амьдралд аль наана цаана гэхийг тэр гэдийн, нэгэнт сэтгэл нийлэхгүй хойно яах юм. Та нар битгий хүүхэд зовоогоод бай гээд хир халдаагаагүй юм даг. Эмээгийн энэ үгнээс нээрээ ч тийм дээ гэж бодож билээ. Манай эмээ залуудаа бас их адал явдалтай байсым гэнэ лээ. Сайхан хүүхнүүд ойролцоо амьдрал туулдаг шигээ. Эгчийн амьдрал эмээгийнхтэй зарим талаараа төстэйм шиг санагддын.
Хайрт эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж хүүхэд насны дурсамжуудаа сэргээн санаж энэ бичлэгийг үйлдэв.

 Саандра
 Алла
 Леонтов
 Modern Talking
 София Ротару
Мэдээж Beatles
Тэр үеийн эгчийн цуглуулганд иймэрхүү зурагнууд байдаг байв.

Friday, 1 July 2011

Мартагдахгүй

Гурван жил болчихсон уу? Нэг айхтар юм болсноос хойш. Тэр өдөр ажил дээрээ байжийтал танил мээсэнжирт орж ирчээд намын байрны урд тулалдаан, гал мал гараад бөөн юм болжийна. Би сая очиж баахан харж байгаад ирлээ гэхээр нь ооогт үнэмшээгүй тул өнөөхийг зөрүүлж баахан явуулсан. Тэр танил битэр чаатлахаараа нэг нэгнээ явуулсаар байгаад дуусдаг болохоор энэ ярианд нь еэээр утга учир өгөөгүй, ээлжит үлгэрээ ярьжийна гэж бодоод. Тэгээд цаг оройн 8 болж байх үед гэртээ очив. Ах залгажийна. Танай наагуур бөөн юм болоод байна, зурагтаа асаагаад үздээ. Онц хэрэггүй бол гадуур гараад хэрэггүй гэжийна. Гайхаад зурагт асаатал ээ бүү үзэгд гэмээр юмнууд гарч байдгийн. Бөөн утаа май, байшин сав шатаад хүмүүс хашгиралдаад, юм хум шидэж мэдээд, баахан цагдаа магдаа. Аппараат маань байсан бол явж очоод хэдэн зураг дарчихмаар л санагдаж байв. Тэр шөнөөс онц байдал зарлаад зурагт байхгүй, монголын пааблик сайтууд бүгд ажилахгүй. Манай ажлын гадуур буу үүрсэн ногоон алга хувцастай цэргүүд, замын уулзварууд дээр таанк зогсоочихсон. Ажил руугаа ороход байнгын шалгуулаастай. Дайны төв цэгт байгаа ч юм шиг, кинонд тоглоод ч байгаам шиг нэг тийм хаана байгаагаа мэдэхээ байсан хоёр гурван өдөр өнгөрсөн шүү. Буутай цэрэг, таанкийг амьдаар нь харахаар нуруу хүйт оргиод эвгүйм билээ. Гаднаас өнгөлзөх дайсангүй амаглан цагт өөр зуураа хүйтэн зэвсэг шагайх ч гэж дээ, энэ монгол улс ер юу болоод байгаан гэж бодохоос бүрррр нэг сонин байсааан. Тэр таанкаар хэнийг буудах гээд байгаан, тэр цэрэг буугаараа хэнийг онилох гэж байгаан гээд бодохоор истой муухай санагдсан. Төр төмөр нүүрээ харуулж сүрийг үзүүлнэ гэдэг нь л тэр байсан байх даа.
Тийм муухай юм дахиж битий л болоосой.