Friday, 20 July 2012

Саак байж дээ...

Хүүхэд байхад зуны амралтыг жинхэнэ жаргаж өнгөрүүлдэг байж дээ. Цэцэг мод алагласан хангайн нутгийн буянд байгаль эхийн ширдэг дээр л хөлбөрч өсөж. Хавар хичээл тарахтай залгуулаад өвс нөгөө, цэцэг тэргүүтэн ургаад эхэлчихдэгсэн. Наадам дуусангуут гүзээлгэнэ гэх мэт жимснүүд жимслээд эхэлчихдэг. Амралт эхэлсэн болохоор хөдөөнөөс хэдэн тооны үнээ оруулаад ирчихдэг. Өглөө нар ургахтай зэрэгцэн босож үнээ ивэлгэж өгчихөөд дараа нь үнээгээ бэлчээр лүү нь толгойг нь хандуулж орхичихоод буцаж ирж тугалаа мандах нарыг угтан уул өөд тууна. Одоо бодоход дөнгөж уулын цаанаас цухуйх шинэхэн нар, уулын сүүдэр уртаасаа багассаар нар дээр хөөрөх мөчүүд, хөл доор бөнжигнөж гутал норгох өглөөний шүүдэр зэрэг жинхэнэ диваажин байсан гэлтэй. Уулийн оройд хүртэл тугалаа туучихаад уруу руу н’ буухдаа хөлийн чадал мэдэн баахан гүйдэгсэн. Заримдаа хөл алдаад ойччихно. Гэртээ ирээд зэлээ цэвэрлэнэ. Үнээний өтгөн баасыг байгаа тэр чигээр хүрзэн дээрээ авах гэж их хичээдэгсэн. Чацага савируулдаг үнээнүүдийн баасыг арилгах шиг яршигтай ажил тэр үед лав байгаагүй. Нэг бүү хэл арав хорь шахуу хусаж байж баас үсэрсэн орчныг цэвэрлэнэ. Тийм бааснаас болж газрын хөрс нилээд гэмтдэг. Бас болоогүй тийм баас чинь төмпөн завааруулчихдаг. Цэмбийтэл цэвэрлэчихсэн зэлээ хараад зогсох чинь бас нэг кайф. Гэртээ орж хувцасаа сольчихоод ойр зуур гал зуухны ажилд тусална. Унд цайгаа уучихаад гэрээ цэвэрлэнэ. Тэгээд гадаа халуун бол зуны сэрүүн байшиндаа орон дээрээ дуртай номоо уншаад, номыхоо баатруудыг дагаад адал явдлын ертөнцөөр аяланхан хэвтчихнэ дээ. Энүүн шиг кайфыг одоо болтол амсаагүй л байна. Юутай жаргалтай байгаа вээээ. Ёстой жаргаж үхдэг байжээ. Жимс ургаад эхэлчихээр жимсэнд явах визийг хорооны хүүхдүүд бүгд ээжүүдээрээ даруулж аваад, баахан варээний шилэнд хярам хийсэн, эрээн алга малгай толгой болсон гарууд арын уул руу хөвөрч өгнө дөө. Бороо орохгүй бол нар жаргах хүртэл модон дотор өнжинө. Жимснээс жимсний хооронд гүйхэд цаг ч талийж өгнө, газар ч холдчихсон байдаг. Авч гарсан саваа дүүргэсэн бол ходоодоо дүүртэл, бүр цагаан хөөсөөр хэхэртэл иддэг сэн. Сав ч дүүрсэн гэдэс ч цадсан болохоор сая нэг цаг хугацаа орон зайг анзаарах сөхөөтэй болж талын нэг тарсан нэгнийгээ дуудаж цуглаад гэрийн зүг гэдэн годон. Гэртээ ирээд түүсэн жимсээ гэрийнхээ хамгийн том аяганд хийж байгаад өрөм, элсэн чихэртэй холиод гэрээр байтугай гэрийн гадаах 5 метр зайд үнэрийг нь ханхлуулаад гэрийхэнтэй хуваагаад иддэгсэн. Орой унтах гээд нүдээ анихад өдөр түүсэн улаан гүзээлзгэнүүд нүдэнд харагдаад унтуулахгүй бас хөөрхөн яршиг уддаг. Ойд явж байхад борооны хар үүл гарч, тэртээ алсад тэнгэр дуугарах шиг түгшүүртэй юм байхгүй. Сав дүүрсэн дүүрээгүй бүгд хөлийн хурд мэдэн дуу цахилганатай борооноос өмнө амжиж гэртээ хүрэх гээд чавхдаж өгцгөөнө. Гэртээ очиход түүсэн жимс шалчийигаад жимс биш шүүс л болчихсон байдаг. Жимс элбэг ургахаас өмнө газарт унасан мөчир түүж гэрийнхээ зуны түлшийг элбэг бэлдчихдэг нөгөө талаасаа энэ нь байгальд маш том цэвэрлэгээ болдог.
Хүүхэд нас минь үнэндээ диваажинд өнгөрч дээ. Тэгсний буянд хамрын ханиад тусахгүй, нүдний хараа сайн, баргийн өвчинд ноёлуулаад байхааргүй эрүүл чийрэг өсчээ.

Одоо тэгэж нэг ном уншин хэвтэж, ойд жимс эргүүлэн бүтэн өдрийг өнгөрүүлж жаргаж үхэх юм сан...

6 comments:

би said...

Пөөөх яааасан сайхан жаргалын талаар нүдэнд харагдтал биччихвээ, би ч бас тэр үеийг санаж дахиад ганцхан ч удаа болов гэж боддог. Яг тэр үеийнх шиг мэдэрч чадах боловуу гэж боддог. Миний байдаг байсан газар жимсгүй лдээ, тэхдээ үнээ мал зэлээ цэвэрлэх гээд л нүдэнд харагдаж байнаа, хамаг ажил 10 хавьцаа дуусчихсан, сүүгээ хөөрүүлж, ааруулаа тавьсанаар дуусдаг байж дээ. тэгээл номоо уншаад л, тэр үеүүдэд л жинхэнэ гоё гоё номуудыг уншиж дуусган номын амтанд орж байж дээ

Монгол бүсгүй said...

@black swan

номыг тэр үеийнх шигээ хүүхдийн гэнэн итгэмтгий байдлаар уран панаалд автанхан, бүрэн дүүрэн итгэл үнэмшилтэй уншихгүй л болов уу. бас дээрээс нь амьдрал бодогдоод номондоо гүн гүнзгий автахгүй байх оо босон суун гэдэлзэж годолзоод.

энэ бичлэгэнд арван хоёр гуравтай үеийн дурсамжууд л байгаа. ахлах ангид ороод үнээ саагаад, саасан сүү саалиа боловсруулдаг байсан. нар хөөрөх алдад л хамаг ажил дуусдаг даа голдуу...

Unknown said...

jims tuuhees busad ni yag minii baga bas baina aa. Zuniij amraltaar emee eej deeree ih ochdog baij.

Тэмээчин бүсгүй said...

Их сайхан бичжээ. Утга, уянгын сайхан гэж яаваа.

Наагуур чинь халуун энэ тэр гайгүй юу. Манай энд намар болчихжээ, Мод найгаад л, ганхаад л, сэтгэл гэгэлзээд л ...

би said...

Одоо гэртээ үр хүүхэд өдөр нь ажил гээд л номондоо орж өгөхгүй нэг л тиймхэн болчихсон байгаад байгаан. Мөрөөдөл удахгүй маааш том гоё номын өрөөтэй болноо. Тэгж байгаад өрөөндөө ороод л орчноос тасардаг болнодоо ккк.

Монгол бүсгүй said...

@ Дамдаа

тэр үедээ ч ажлаас төвөгшөөдөг байж дээ, одоо бодоход жинхэнэ жаргал тэр байж.


@ Тэмээчин бүсгүй

Энд одооноос халууны улирал нь эхлэх гээд л байна. Энэ жил харин борооны улирал нилээд урт боллоо. Долоон сар бараг бүтэн бороотой байлаа. Гэхдээ бүгчим. Найман сар бүхэлдээ халуун байна, бас овоо шүү дээ...

@ black swan
харин тиймээ, амьдрал нийгмийн аар саар асуудалд алгасраад сайхан төвлөрөхгүй болсон шиг санагдсан. Миний бас нэг мөрөөдөл тэр шүү дээ, өрөө биш юмаа гэхэд ядаж л нэг ханаа тэр чигт нь номоор дүүргэнэ дээ.