Saturday, 21 July 2012

Хуруу хавдсан хийгээд бас бус

Урд шөнө унтах гэж хэвтэж байхдаа орны толгойны хажууд байх сандалын толгойноос барьсан чинь зүүн гарын долоовор хурууны дунд үе орчимд нэг ялаа шиг амьтанд хазуулчихсан. Тухайн үедээ шумуулд хазуулсан мэт загатнаж байсан ч өглөө босоод хартал үеийн дунд хэсэг тэр чигээрээ хавдаад хуруугаа нугалахад тулаад байх болчихож. Тэр амьтан юу байсан юм бол, шумуул лав биш байсан. Өнөөдөржингөө чинэрсэн хуруутай өнжлөө. Хар цай буцалгаад шавшивал эсвэл гурил зуураад хөхүүлвэл хавдар намдах болов уу гэсэн юм бодоод л.

Шөнийн зүүд бас их сонин байсан. Монголд оччихсон зуун төгрөг хармаалчихаад автобусанд суух гээд баахан хүмүүстэй зам гарч байх юм. Замын хөдөлгөөнд явган болоод машинтай хүмүүс их боловсон оролцдог болсон байгаа анзаарагдсан. Энд байгаа хоёр найзтайгаа хамт буудал дээр зогсоод тус тусын суух автууснуудаа хүлээх зуур автуусны үнийг асуухад аль хэдийн дөрвөн зуу болсон гэх нь тэр. Ердөө зуухан төгрөгтэй байгаадаа санаа зовж найзаас таван зуун төгрөг асуутал байхгүй гэх юм. Гэтэл нэг таньдаг өндөр залуу мянган төгрөг өгөх гээд сарвайж байх юм. Надад ердөө таван зуу л хэрэгтэй гэхэд өөдөөс заавал мянгыг өгөх гээд зүтгээд байсан. Тэгээд авсан.

Дараагийн хэсэг. Баахан бороо ороод л. Гэхдээ тэр борооны орж байгаа хэлбэр нь их сонин. Хуй салхи аятай хэсэг хэсгээрээ тойрог үүсгэчихээд цагаан саарал хөшиг татсан аятай орчин тойрон нэг л сонин. Би болоод хамт байгаа хүмүүс тэр борооны тойргуудаас гарахын тулд тал тал тийш гүйлдээд л.

Сүүлийн хэсэг. Дээрийн айхтар амьтныг зүүдлээд. Гэрт явж байх юм. Коридорт гаргаад шидсэн хэдий ч таг таг хийтэл сонин дуу гарган алхлаад манай өрөө рүү заавал орох гээд л. Баахан юмаар цохиод, дээрээс нь дараад ч дарагдахгүй гарч ирчихээд. Зэвүүцэл төрүүлсэн биеийн хэлбэрээс жигшиж цочоод сэрчихсэн. Гэтэл ойрхон явагдаж байгаа барилгын ажлын чимээ өнөөх амьтны алхахдаа гаргаж байсан чимээ байх нь тэр.

Нэг сайхан суниаж аваад буцаад зүүрмэглэв. Яаран сандран гүйгээд нийтийн ноольд орж шингэн морь харсан хэдий ч төдийлэн сайхан болсонгүй. Гарч явтал өөдөөс эрэгтэй хүн зөрөөд нооль орж байх юм. Хүүе бүсгүй чи эрэгтэй ноольд орцон байна шд гэхээр нь эргээд ноолийн хаалга хартал яах аргагүй эмэгтэй ноолийн таних тэмдэг байсан л юм даа. Сэртэл давсаг хагарах шахсан байв.

2 comments:

Тэмээчин бүсгүй said...

Спирттэй хѳвѳнгѳѳр шавшаад байвал гайгүй болж магадгүй. Юу хазсан юм бол доо. Гэхдээ шумуул хазахад бас ингэдий ш дээ Монгол шумуул ккк.

Солонгос шумуул яадаг юм бол. Канад шумуул нээх том хавдтал нь хаздаггүй юмаа. Гэхдээ л эвгүй.

Монгол бүсгүй said...

Тэмээчин бүсгүй

Шумуул хазахаар тэрхэн хэсэгтээ хавдаад л зүгээр болчихдгийн. Энэ их сонин хазалт байгаад байгаан. Хурууны үе нилдээ бандайчихсан. Эсвэл тэр шумуул яг мэдрэлийн цэг дээр хазчихсан юм болов уу :p