Thursday, 30 August 2012

Салхи, шуурга болоод бороо бас бус юмс

Хоёр хоногийн өмнө энд маш хүчтэй салхи болсон. Солонгосын хойгийн чанх урдаас нь эхлэн хойморыг нь хүртэл туулсан далайгаас эхлэлтэй шуурга. Өглөө гэрээсээ сургууль хүрэх гэж арай л хийсчихээгүй. Ногоон навчтай модны мөчрөөр дүүрсэн эл хуль гудамж, энд тэнд үндсээрээ булгарч ойчсон модод, мөчрөөрөө газар шүргэн алдан нахилзах модод, үе үе амьсгал тасалдуулсан хүчтэй шуурга гээд кинонд дээрээс харж байсан дүр зураг нүдэнд буусан эвгүй өдөр байлаа. Ард, урд тас няс хийн унах мөчрөөс зайлсxийх, хажуугаар нь палаажныхаа хормой хотыг хямгадах гээд үе үе хүчтэй үлээх салхинд тэнцвэр алдан гуйвж ганхан явсаар сургуулийн бараа харсан. Зам зууртаа хоёр гурван зураг дараад амжсан гэж байгаа. Сургуулийн коридороор явахад өрөө бүхний хаалга гадаа салхи үлээх тоолонд хүн татаж байгаа юм шиг чимээ гаргана. Хаалга орчмын ханын самбарууд бүгд ойччихсон. Өдөр цайндаа гарахад машины зогсоол дээр хэд гурван машин модонд даруулсан байгаатай тааралдсан. Тэнгэрт хөвөх үүлс урдаасаа хойш чиглэлтэй голын урсгал аятай урсаж байгаа харагдах нь өнөөх Doomsday гэдэг киног санагдуулаад айдас төрүүлж байсныг нуух юун.
 

 

Энэ зурагнууд бүгд кампус дотор дарагдсан зургууд. Хотын бусад хэсгүүд болоод өөр хотуудад ямархуу байсныг бүү мэд. 
 
Өнөөдөр ус ихтэй бороо салхитай хавсран орсоор л байна. Гарах аргагүй учир гаднаас хоол захиалж идэв. Өглөө цонхоо хаагаагүй гараад ирсэн, хэрэв салхи урдаасаа салхилж байгаа бол цонхоор лав ус орж байгаа байх гэж санаа зовоод л сууна. Орой унтах ор минь юу болж байгаа бол...
 
Өрөөний цонх ихэнхдээ онгорхой байдаг. Гадаа халуун нартай үед нарны халууныг оруулахгүй гэж л хаахаас биш, бороотой бас салхитай өдөр хаахаас илүү нээх нь их. Учир нь түрхэн хаах л юм бол үнэр үүсээд байгаа юм шиг санагдаад байдаг. Элдэв үнэрт дургүй болохоор цонхоо ихэндээ л онгойлгочихдог.
 
Цаг агаар иймэрхүү хуйсгануур, хурд хүч ихтэй, сонин содон байгаатай адил миний хувь, хувьсгалын ажил амьдрал минь өрнөл ихтэй байна. Хувьсгалын ажлаа шилийг нь харж дуусахын алдад хувийн ажлаа зэрэгцүүлээд эхлүүлчихсэн чинь бас бодож тунгаах, төлөвлөж зохицуулах юм мундахгүй бололтой дог.
 

5 comments:

Nogoohon said...

Харин тиймээ наад шуурга чинь энд Японы Окинава арлыг сүйдэлчихээд Солонгос явчихсан юм. Сүүлийн 15 жилд болоогүй хар салхи боллоо л гэцгээгээд байна.

Тэмээчин бүсгүй said...

300 настай мод унасан энэ тэр гээд байсы ш дээ.

Янз янзын юм их болох юмаа даа.

Монгол бүсгүй said...

@naraa

тийм гэсээн олон газар дайрсан гэж байсан. бүр эхлэл нь Тайван орчмоос юм шиг байгаан.

@Тэмээчин бүсгүй

байгалийн ааш авирыг хэн ч таашгүй бас дийлэшгүй юм даа.

Хүн санаа said...

2009 оны намар энд нойтон цас 3 өдөр ороод саглагар мод биеэ дийлэхгүй үндсээрээ булга үсэрцгээсэн байж билээ.

Монгол бүсгүй said...

@ Хүн санаа

айийн юу гэнээ, салхи ихтэй байсымуу? салхигүй бол мөчирнүүд нь л хугараад нүцгэн мод үлдэнэ үү гэхээс үндсээрээ унана гэж баймааргүй юммм. аль нэг зүгээс их салхитай байсаан гэсэн нэмэлт нөхцөл нэмэж бичихгүй бол ойлгомжгүй байна.

эсвэл аль нэг талдаа мөчир ихтэй моднууд байсан байх.