Thursday, 29 September 2011

Хамгийн хэцүү тэмцэл

Хүн сэтгэлийн амьтан гээд өмнө зөндөө л сонсож байлаа, тухайн үедээ тийм байх шүү гэж бодож байснаас нухацтай бодож байсангүй. Саяхнаас Буддийн философийг уншаад үнэхээр тийм юм байна гэдгийг алхам бүрдээ сэтгэл гэдгээ анзаарч, түүн дотор тухайн агшинд ямар бодлууд төрж байгааг анзаарч үзснээр нилээд сайн ойлгож авлаа. Өөр дээрээ ч бас туршиж, ажиглаж үзэх гэж оролдоод л байна. Хүний амьдрал бүхэлдээ тухайн хүний явдал суудал, дадал зуршлаас бүрддэг бол явдал суудал, дадал зуршил нь уг хүний сэтгэлд байх бодлоос л бий болдог юм байна. Сэтгэл гэдэг нь үнсэндээ хий гэдэг зүйлийг унаад л хаа хамаагүй явж өгдөг эд гэнэ. Тэрхүү хий нь биднийхээр бодол аж. Янз янзын бодол хором агшин бүрд тасралтгүй төрж байдаг. Тэрхүү төрж байгаа бодлын гүйцэтгэл нь үг, үйлдэл болж гадагшилдаг. Бодол нь өнгөрсний тухай, ирээдүйн тухай, хэн нэгний тухай, сайн сайхан, саар буруу зүйлс гээд л түмэн янзаараа огтхон ч чөлөө завгүй ар араасаа бүр давхцаад заримдаа чихэлдэн төрж байдаг. Яг л долгион нь таараагүй шугамын радио тэр гэхийг нь үл мэдэх сонин авиа гарган шуугин шаагиж байдагтай адилтгаж болох. Тэрхүү замбараагүй бодол нь ихэнхдээ өнгөрсний хойноос харамсах сэтгэл, ирээдүйн өмнөөс шунах, хэн нэгэнд уурлах, атаархах гэх ер нь лав сайн сайхан сэтгэл тэр бүр байдаггүй байх ихэнхдээ л.  Тэргүүлшгүй цагаас дадуулчихсан сэтгэлийн гурван хар хор болох мунхаг, уур хилэн, хүсэл шунал гэсэн нисванисийн эрхэнд өөрөө ч мэдэлгүй автчихсан болохоор тийм байдаг гэнэ. Тийм болохоор уурлаад, шунаад атаархаад байгаа хүнд уурлахаас илүү нисванисийн эрхэнд орчихоод өөрөө ч мэдэлгүй тийм үйлдэл хийгээд байгааг нь өрөвдмөөр ч юм шиг. Уурлах гэдгийг зааж өгөөгүй байхад дөнгөж төрсөн хүүхэд хүртэл уурлаж байдаг.

Хүн баруун тийш явж байснаа гэнэт зүүн тийш явах, урагш явж байснаа буцаад ухрах гэх мэтээр яваад байвал хүний бие их ядрана даа, тодорхой хугацааны дараа. Үүнтэй адилаар нэг хоромд үй зайгүй бодогдох өнгөрсөн, ирээдүйн талаарх цэгцгүй замбараагүй  бодлууд хүний оюун санаа, тархийг ямар их ядраадаг бол?! Ер нь хүн их ажил хийсэндээ биш хэрэгтэй хэрэггүй дэмий бодлууд бодсондоо л ядардаг байх.

Тухайн нэг агшинд би яг юу бодож байна гээд анзаараад үзэхэд дандаа өнгөрсөн эсвэл ирээдүйн тухай, хэн нэгний тухай. Яг одоо дээр яг юу бодоод байна вэ гэдэг процесс дээрээ төвлөрөх нь даанч үгүй. Огт юу ч бодохгүй байх тэр нэг зурвас үеийг барьж авах гэж гүэ мөн их үзэн тарж байнаа. Сэтгэл нэг мэдэхэд юу ч юм нэг зүйл рүү аль хэдийн оччихсон байдаг, буцаад л авчирна, тав арван секунд торгоож чадвал их юм. Дахиад л алдчихна, буцаад л авчирна гэх мэтээр тэнэж одчихоод байгаа сэтгэлтэйгээ байлдаад л. Тэрхүү торгоож чадаж байгаа агшинд сайхан амралтыг мэдрээд ч байгаа юм шиг.

Тэгээд би ирээдүйд болох аливаа зүйлийг тухайн үед нь л шийдэж байя, өнгөрсөнд болсон таатай таагүй бүхнийг болж өгвөл бодохгүй байхыг их хичээж байгаа. Компьютерийн С дискийг форматласнаас хойш тодорхой хугацааны дараа түүн дээр хийгдсэн үйлдлүүдээс болж бохирддог шиг л сэтгэлд хэдий чинээ олон төрлийн бодол агуулгадана төдий чинээ сэтгэл бохирдож, түүний гүйцэтгэл болж гадагшилж байгаа үйлдлүүд тоочныи зөв байх магадлал нь буурдаг байж магадгүй. Хүн хөгширхөөрөө мартамхай болдог, мэдрэлийн эсүүд нь үхэж цөөрөөд тэгдэг хэдий ч нөгөө талаас төдий хүртэл наслах хугацаандаа хадгалж ирсэн бодлууд нь сэтгэл, сэтгэхүйн тунгалаг чанарыг алдуулснаас мартдаг ч байж болох юм. Мөн тэр их замбараагүй бодлуудаас болж тархины эд эсүүд шинэлэг байдлаа алдан элэгддэг ч байж магадгүй.

Ойрдоо өөр дотор байгаа хүнийг захирах гээд л үзээд байна. Энэ бичлэг дараа үргэлжилж магадгүй. Гаднах дайсныг дарах амархан доторх дайсанг дарах хэцүү гэдэг үнэн дэг ээ

4 comments:

Гуталчин said...

zaaval urgeljluuleerei. bichleg 1000% taalagdlaa. oyun bodloo tsegtsleh gej, heregtei hereggui bodloor tarhi oyunaa duurgej ooriigoo zovoohoos cholooloh gej, ongorsond uldsen amidral horom moch bureer ooriigoo eruuldej ongorsond ooriigoo hulmeergui bn bi. yag l iim zuiliig unshihig, uunii toloo l bi yavj bn. zaaval urgeljluuleerei

Монгол бүсгүй said...

зүгээр л өөрийн ойлгосон ойлголт, сэтгэгдлээ хальт буулгах оролдсымаа, дараа бичих эсэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх.

Nimkaa said...

Буддын сургааль судлаж толгойгоо задлах хэрэгтэй шүү

Монгол бүсгүй said...

@Nimkaa
хэрвээ толгой минь задраад ойччихвол наах цавуу олдох болуу :p