Шашны утга учир нь бусдыг шүүмжлэхэд бус, өөрийгөө цэгнэхэд оршино. Гадагшаа харахаас илүү дотогшоо харж бай! Уур уцаар намайг хэр зэрэг эзэмдэж байна? Үзэн ядалт, атаа жөтөөнд би автаж байна уу? Шунаг сувдаг, бардам сайрхлын гал ноцож байна уу? Өдөр тутмын амьдралдаа бид өөрсдийгөө ингэж шинжиж явах учиртай. Таны дотоод орчин бол туршилтын лаборатори юм. Та улам төгөлдөржихийн тулд энэхүү талбарт нарийн ажиглалт судалгаа хийж, сэтгэлийн нууцад аяс аясаар нэвтэрвэл зохино.
Энэ зургийг өмнө би хальт дурсаад өнгөрсөн, энд хамт сурч байсан найзууд маань бэлэглэсэн гэж. Тэд маань бүр зориулж авч өгсөн. Эвдэлж хэмхэлгүй заавал авч яваарай, Солонгост гэртээ очихоор чинь ханьтай байх болно гэсний дагуу үүргэвчиндээ хийгээд нуруундаа үүрсээр авчиран гэрийн хоймортоо залчихсан. Зургийн доор байгаа тайлбар мөн л миний бодож, туршиж явдаг зүйлийг бичсэн байгаа нь маш их таалагдсан. Энэ тайлбарыг байнга санаж хэрэгжүүлэхийг хичээдэг. Далай багшийн Буддын шашны талаар хэлдэг ганц тодорхойлолт бол Буддын шашныг сэтгэлийн шинжлэх ухаан гэж хэлж болно гэсэн зүйрлэл байдаг. Үнэхээр сэтгэлээ ажиглаад үзэхэд хүний явдал суудал, ааш араншин дадал зуршил, цаашилбал хувь тавилан гээд байгаа бүхний үндэс ёзоор нь сэтгэл л байдаг юм билээ. Алдааг, буруу бүхнийг гаднаас биш сэтгэл дотроосоо хайх нь илүү хялбар шийдэлд хүргэнэ. Бас аливааг хийхээсээ, хэлэхээсээ өмнө сэтгэлээ анзаарч чадвал хийх гэж буй, хийж буй үйл, үйлдэлдээ ухамсартайгаар хяналт тавьж чадах болно.
4 comments:
goy
@siilen
nice :-)
bodol vg boldog, vg uildel boldog, uildel zurshil boldog, zurshil character boldog... gsn bdg bhaa :)
@dream
ягггггг оносон оносон гэж "Зэрэг нэмэхийн өмнө" кинон дээр гардаг өнгөөр хэлэв
Post a Comment