Tuesday, 1 November 2011

Мэдэхгүйм даа

Уг нь би хүнд хар буруу санаад, уурлаад, сэтгэлдээ ямар нэг байдлаар хар бараан бодол тээж явахгүй юм сан гэж их хичээдэг юм. Тэр хэрээрээ ч болоод өнгөрсөн таагүй, онцгүй зүйлсийг ор тас мартаад юу ч болоогүй юм шиг инээгээд л явж байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс намайг жаахан бухимдуулах гээд л байх юм. Уурлах, хар бараан бодол сэтгэлдээ агуулж явах нь хүнд өөрт нь л муу болохоос тэр үйлдлүүдийг хийлээ гээд асуудлыг нааштай шийдэж чадахгүй шүү дээ.

Хэн нэгэн намайг гомдоосон, надад таагүй үг хэлсэн аль ч тохиолдолд тухайн үед нь цочоод багахан бухимдаад бас гайхаад л өнгөрдөг. Тэр бүгдийг мартаад хожим нь юу ч болоогүйм шиг загнах зангий минь хүмүүс буруугаар ойлгоод ч байх шиг. Муу санаатай, хэрүүл уруултай, үзэн ядалттай, хууран мэхлэлттэй амьдраад яах ч билээ дээ. Ганц л амьдраад дуусах хором хугацааг тийм бараан өнгөтэй өнгөрүүлнэ гэдэг хайран биз дээ.  

Амьдрал бол аялал гэдэг. Хэн нэгэн аялахдаа аль болох амарч, сайхныг үзэж харахыг л хичээдэг атлаа амьдрал гэдэг зүйлд яагаад тийм байдлаар ханддаггүй юм бол. Нэг голын усанд нэг ч орж болохгүй гэдэг шиг эргэж ирэхгүй өнгөрч буй амьдралын хором хугацааг тийм утгагүй өнгөрүүлдгийг ердөөсөө ч ойлгохгүй юм. Хүн яагаад нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж, яг оршин байгаагаараа байддаггүй юм бол. Дүр үзүүлсэн, жинхэнэ дүрээ өөрөөсөө ч нуусан нуугдмал бөгөөд хаагдмал амьдрал амттай л байдаг юм байх даа.

Сурсныг сураар боож болдоггүй гэдэг шиг за ёстой дараа л жаахан санаатай байх юм шүү гэж бодовч өнөөх л гэнэн, юмны наад цаадыг хар муу ухаанаар бодолгүй хийдэг үйлдлүүд хийгдчихсэн л байдаг. Сураагүй юмыг сурна гэдэг амаргүй шигээ. 

1 comment:

sain uu andaa said...

би мэддэг гэдэг хүн мэдэх ёстойгоо мэдээгүй л байна, гэж сургамжит үг байдаг санагдаж байна.

харин мэдэхгүймдаа гэдгийн ард нэг ухаан байх шиг санагдлаа....:)

ороод гарлаа сайхан байлаа....