Thursday, 17 November 2011

Шилний таглаа нар буруу эргэж онгойдог

Хүүхэд байлаа, ойролцоогоор ес арван настай байсын болуу эсвэл тэрнээс арай бага ч байсан байж магадгүй. Самбуу өвөө гээд жижгэвтэр биетэй, үл мэдэг бөгтөр нуруутай, дуу цөөтэй, нухацтай сүрхий харцтай өвөө хаа нэг манайхаар үзэгддэг. Ирэх бүрд нь ижий аав хоёр маань байдгаа барьж гүйгээд сүйд болно гэж жигтэйхэн. Тэр өвөө их номтой лам хүн, нутагтаа бүү хэл зэргэлдээ нутгуудад хүртэл эрэл сурал болон үгүйлэгдэж байдаг тийм хүн. "Ховч хар" гэдэг их ховор бас их хэрэгтэй судар ганцxан энэ өвөөд байдаг гэж хүмүүс ярилцдаг байсан. Тэр сударт нь байхгүй юм байхгүй шахуу л гэцгээдэг, ялангуяа мэргэ төлөгний тал дээр.

Нэг өдөр гэртээ ганцаараа байжийтал нөгөө өвөө ороод ирсэн, сэтгэлд нэг л дулаахан хирнээ яагаад ч юм айгаад гэрэвшээд байдаг юм. Тэгээд цай хийж, тавагтай идээ барьж айлд ирсэн хүнд үйлддэг ёслолыг хийчихээд авдар дээр байгаа хавтастай толины урд байрлуулсан цаг руу хараад зогсчиж билээ. Нөгөө өвөө жаахан сууж байгаад "ганцаараа гэрээ сахиж байгаа хүүхэд юм биз дээ, сайн байна" гэж хэлээд гарахад нь "та аав ээжийг ирэхээр дахиж ирээрэй "гэж хэлээд хоцорсон. Тэгээд үргэлжлүүлээд нөгөө цаг руугаа хараад л хааяа нэг толинд өөрийгөө хяламхийж харчихаад эрүүгээ тулаад цаг руу хараад л байлаа. Тэгж анх цагийн зүү зогсолтгүй хөдлөөд байгааг олж мэдсэн.

Бага дүү их өвдөмтгий хүүхэд байсан, яасан нь мэдэгдэхгүй уйлна. Тэгээд нөгөө өвөөгөөс юм аваад хэрэглэчихээр зүгээр болчихдог. Ээж аав хоёр маань хар залуугаасаа нялх нойтон хүүхдээ хоёрыг ч алдаж байсан болохоор хүүхэд өвдөхөд сууж чаддаггүй хүмүүс, залуу хүмүүс болохоор учир сайн мэдэхгүй тэгээд нөгөө өвөө рүү л гүйдэг байсым шиг байгаан. Би бага болохоор тэр бүр учрыг нь ойлгохгүй, хожим ахын ярианаас л там тум учрыг нь ойлгосон.

Нэг зун нөгөө өвөө маань эмнэлэгт хэвтээд. Нэг орой намайг нөгөө өвөөд оройн хоол аваачиж өг гээд нилээн том барианы шилэнд хийсэн банштай шөлтэй хоол сонингийн цаасанд боогоод гадуур нь уутанд хийгээд халуун савтай цайтай хамт бариулаад явууллаа. Очтол намайг өрөөнд нь орохыг зөвшөөрдгийн байна, сувилагч нь. Өрөөндөө өөр нэг өвөөтэй хамт хоёулаа хэвтэж байв. Шилтэй хоолоо гаргаж өгөв. Нөгөө хоёр хөгшин маань шилний таглааг эргүүлж онгойлгох гэж нилээн юм болсон. Хоолны халуун ууранд тэлчихсэн шил таглаагаа нилээд сайн зуусан шиг байгаан. Гарын бяр нь харьчихсан хоёр хөгшний тэнхээг нилээн шалгасан. Би наана нь гарын хөдөлгөөнийг нь дагуулж уруул амаа жайвагнуулахаас өөр нэмэргүй. "Уул нь нар буруу эргээд л онгойх учиртай даа" гээд нөгөө хоёр хөгшин маань гар дамжуулан оролдсоор байгаад онгойлгочихсон. Эндээс би шилний таглаа нар буруу эргэж онгойдог юм байна гэдгийг анх удаа олж мэдсэн.

Миний аваачиж өгсөн энэ хоол нөгөө лам өвөөгийн маань сүүлчийн оройн хоол нь байсан. Маргааш өглөө нь аав "хөгшин бурхан болжээ" гэсээр гэртээ ирсэн. Нэг том орон зай, нөмөр нөөлөг манай нутгаас алга болчихож байгаа юм шиг санагдаж билээ.

2 comments:

Хүн санаа said...

Өвгөд хөгшчүүлтэй хамт байвал их сайхан байдийн. Миний 2 буурай ч надад их зүйл өвлүүлсэн дээ. Даа ялангуяа хүн санааны тухай...

Монгол бүсгүй said...

@Хүн санаа
тэрхүү хүн санаанаасаа харамгүй хуваалцаарай :-)