Thursday, 2 February 2012

Багш нараа дурсахуй

Нээрээ ойрд чинь монголын багш нарын баяр болоод байгаан биашд. Нэг бичлэг оруулахгүй бол болохгүй. Манай гэрээр дүүрэн багш нар байдаг юм. Аав минь багш, ах маань багшилж ажлын гараагаа эхэлж байсан, хоёр эгч хоёулаа багш, бэр эгч багш, бэр дүү бас багшийн сургууль төгссөн тэхдээ багшилдгүйен, би багш өө энэ худлаа шүү, хадуураад хэл хальтираад явчихлаа, уушлаарай :-)

За тэгээд анхлан А үсэг заасан багшдаа гэх гэсэн чинь миний дээтлийн эгч надаа цагаан толгой заагаад өгцийн байшд. Сургуульд орохдоо дуржигнатал уншдаг байв шүү. Самбарын өмнө гарч зогсжийгаад одоогийхоор бичгийн цаасны хэмжээтэй Чук Гек хоёр гэдэг орос хэлнээс орчуулсан хүүхдийн номыг анги хамт олондоо уншиж өгдөг байсан маань хааяа санагддаг юм. Тэр үедээ тэр ном их л том ном шиг санагддаг байжүлээ, өөрөөсөө том юм тэвэрчээд байгаам шиг их эфгүй байсан.

Цэцэрлэгийн багш нараас эхлээд бага ангийн багш, дунд ангийн багш, ахлах ангийн багш, оюутан ангийн багш, одоо бас нэг багшийн шавь гээд олон олон эрдэмтэн багш нарын шавь болон явж иржээ. 

Тэрхүү багш бүр л өөр өөрийн онцлогтой дурсамжуудыг үлдээжээ. Ертөнцийг таньж эхэлж байгаа бяцxан ухааныг хорвоотой танилцуулсан эхний хүн бол яах аргагүй цэцэрлэгийн багш. Манай цэцэрлэгийн багш болвоос тас тас хийтэл инээдэг чанга дуутай, их сайхан эмэгтэй байсан. Одоо ч байгаа л даа.  Саатай алчуур байнга зүүдэг, тэрийгээ их гоё донжийг нь олоод зүүчихнэ. Гэртээ хариад ээжийнхээ алчуурыг багштайгаа адилхан болгож зүүх гэж мөн их оролдсон доо.

Үзэгээ ч барьж чадахгүй бяцxан гарт ертөнцийг нээж өгсөн ачтан бол бага ангийн багш мөнөөсөө мөн. Бага ангийн багш бас их сайхан хүүхэн байсан, ид будаг нь ханхалсан шинэ төгсөгч ирж байсан санагддын. Хүзүүгээрээ тасан богино үстэй тэрийгээ их гоё буржийлгачихна, гэхдээ өдөр бүр биш онцгой онцгой өдрүүдээр. Манай ангийн багш байх үедээ нөхөртэйгээ танилцаж байсын, нөхөр нь өөртэй нь аягүй адилхан, эрэгтэй л болохоос биш. Хааяа хичээл дээр ирж уулзана. Багш ч бөөн баяр болж байгаа нь хичнээн нуусан ч гэсэн андашгүй шд, инээгээд л байдаг байсын.
Дунд ангийн багш маань орос хэлний багш байсан, нүд хөмсөг болсон бас л сайхан эмэгтэй, одоо байдаг юм бол уу сураг гаргаагүй их уджээ, муу шавь байна уу би. Хэлний багш болохоороо ч тэр юмуу, дууны өнгө нь нэг л өөр байдаг байсан санагддын. Энэ багштай холбоотой гойд дурсамж байхгүйм шиг байна.

Энэ багш өөр тийш шилжээд их сургуулийн математикийн ангийг төгссөн төгсөж ирсэн шив шинэхэн залуу багшийн гарт очив. Тав, зургаа дугаар ангийн алгебрийн хичээл математикийн суурь ойлголтуудыг өгдөг чухал үед энэ багшаар хичээл заалгасан даа их баярладгийн. Хүүхдүүдийг бүлэг болгон хуваагаад хооронд нь уралдуулж бодлого бодуулна. Квант гээд оросын сэтгүүлээс маш их бодлого бодуулдаг байсан. Үсэгнүүдийн оронд тоо нөхөж бодох, өөр өөр хэмжээтэй хоёр саваар тодорхой хэмжээний усыг ялгах, голын нэг эргээс нөгөө эрэг рүү чоно, ямаа, баацай гурвыг зөөх, оросын шадар гурван цэрэгтэй бодлого гээд л маш сонирхолтой бодлогууд бодуулж бяцxан тархинуудыг задалж өгдөг байсан. Хүүхдүүд ч хичээлдээ идэвхтэй, хоорондоо хор шартай уралдана. Олон ч хүүхэд математикт сонирхолтой болсон доо. Харамсалтай нь биднийг төгсөхөөс өмнө багш маань хот руу шилжчихсэн юм. Энэ хүн миний том ах. Хүүхдүүд хэн багш буцаж ирэх үү гэж байнга асуудаг байсан.

Ахыг шилжсний дараа өөр нэг орос хэлний багш эмэгтэй ангийн багш болсон. Анх англи хэл гэж юу байдаг юм гэдгийг энэ багш маань таниулж өгсөн. Тэр үед чинь юун англи хэл сурах бараг бараа сураггүй байсан үе шд, бид бас их азтай тэгэж байгаад. Мундаг сайн сураагүй ч ямартай ч англи хэлний бүх үсгийн дуудлагыг таниж, ойр зуур ойлгох, уншиж чаддаг болсондоо. Хожим оюутан болоод англи хэлний хичээл дээр огт асуудалгүй байх үедээ багшдаа их баярлаж билээ. Ангийн банди нар энэ багшийг их явуулдаг байсын, заримдаа уйлуулчихна. Уйлаал шохойгоо хайрцаглаж, ном дэвтрээ цүнхлээд дахиад би танай ангид хичээл орохгүй гээд хаалга саваад гараад явсан ч маргааш нь инээгээд ороод ирдэг байсан. Одоо бодохоор багшийгаа өрөвдөөд байдаг юм. Угаасаа манай анги чинь сургуульдаа алдартай хөдөлгөөнтэй анги байсым дөө. Захирал хичээлийн эрхлэгч нартай л ярина уу гэхээс баргийн багш нарыг шоглочихдог байсан тархинууд.

Ахлах ангид орлоо. Хэл уран зохиолын багш анги удирдав. Мэргэжлийн онцлог болоод ч тэр үү ангийн багшийн хичээлийн цаг бол тэгээд хэрэг шүүгээд, хэлэцээр хийгээд л таардаг байсан даа. Өмнөх багш нарыг бодоход энэ багш маань хөдөлгөөнтэй, урлаг спорт гээд юм юмаар оролддог сүрхий хүн байсан, одоо ч байгаа. Жижигхэн дээрээ их л жижгэрсэн байна лээ, нас явж байгаа болохоор аргагүй ч биз дээ.

Оюутан болоод арван жилтэй адилхан хүүе хаая гэж алхам бүрд минь анхаарал тавьдаг багшгүй болсон. Тэнхмийн эрхлэгч танай ангийн багш гээд нэг өндөр цагаан залууг танилцуулж байсан ч хичээл орохоороо л нүүрээ харуулахаас өөрөөр бидэнтэй уулздаггүй байв. Багш гэдэг хүний нөмөр нөөлөг дор арван жил яваад ирсэн бидний хувьд эхэндээ сонин байсан ч яваандаа их сургуульд тийм дүрэм байдаггүйм байна гэдгийг ойлгоод бодит байдалтай үг дуугүй эвлэрсэн гэж байгаа.

За тэгээд хичээл орж байсан олон олон багш нараа дурсаж байнаа. Азаар гэх юмуу манай сургуульдаа магадгүй монголдоо мундагт тооцогдох олон эрдэмтэй багш нарын хичээлд сууж, хожим ажил дээр гараад хамтарч ажиллаж байсан даа баярлаж явдаг юм. 

Намайг арван жилийн сурагч, оюутан байх үед хүн шиг, хүний төлөө гэсэн жинхэнэ багш нар байдаг байлаа. Одоо багш хүн ямар болсныг үнэндээ мэдэхгүй!!!

Шавь нартаа эрдэм ном заахын хажуугаар амьдралын ухаанд сургаж, үнэтэй сургаалиа харамгүй хайрладаг монголын бүх багш нарт баярын мэнд дэвшүүлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай...
Энэ нөгөө бид нарын боддог байсан квант сэтгүүлийн бодлогууд. Энэ үсэгтэй бодлого чинь харахад амархан мэт боловч хэрэндээ л чардайлгадаг эд дээ...

2 comments:

Гудиггүй эр said...

За баярын мэнд хүргэсэн явдалд багш нарын төлөөлөл болсон миний бие тун чиг их баярлаж байна өө. Шавийн эрдэм багшаас гэдэг дээ.

Монгол бүсгүй said...

сайн багшийн шавь нар сайн байдаг шүү нээрээ, танай шавь нар ч мундаг байхаа...