Wednesday, 1 February 2012

2011-02-01

Хүнд очих дуртай газар хийх, дуртай зүйл гэж байдаг. Миний очих дуртай газар номын дэлгүүр бас номын сан. Номын сан гэдэг нь ном өрсөн тавиуруудтай номын сан юм байгаан. Энэ хоёр газарт байгаа номын үнэр цаанаа л сайхан бас танил санагддаг. Манай сургуулийн жижгэвтэр номын дэлгүүр байдаг юм. Тийшээ очихоор хамаг ядаргаа арилаад, толгойд байгаа хэрэгтэй хэрэггүй бодлууд цэгцлэгдээд их бүтээлч бас их гоё гэгээлэг бодлууд орж ирдэг. Яагаад тэгдгийг бүү мэд, ямартай ч очих бүрдээ нэг тийм гоё энергиэр өөрийгөө цэнэглэчихээд гараад ирдгийн. Ном авахгүй удаадаа шинэ ирсэн ном юу байна гэж харж баахан зогсоно, таалагдсан номоо энд тэндээс нь уншиж цаг шахуу суугаад гараад ирэхэд яг сайхан болчихдог. Тэнд явж байгаа ая нь бас их гоё, калссик голдуу их зөөлөн аянууд байдаг ихэнхдээ.

Сургуулийн уншлагын танхим, бас номын сан байна. Энэ хоёрт очихоор бас их сайхан, гэхдээ номын санд номнуудын дэргэд, номны үнэр үнэрлээд юмаа хийгээд суух нь илүү таатай санагддаг. Үе үеийн олон оюунлаг хүмүүс оюун бодлоо төвлөрүүлэн суудаг байсан болохоор тэр мэдээллийн орон нь хадгалагдаж үлдээд тийм таатай мэдрэмж төрүүлдэг ч байж магадгүй.
Хүүхэд байхад ном унших гэж уудаг байжээ. Оюутан болоод тэгтлээ ном унших минь цөөр цөөрсөөр ажил хийгээд мэргэжлийн номоо л гэхээс бусад номыг унших нь бараг үгүй болсон. Энд ирээд мөн ялгаагүй мэргэжлийн хэдтэйгээ зууралдаад хүүхэд байх үеийнх шигээ хамаг цаг заваа зарцуулан мэргэжлийн бус ном унших минь их ховор.

Арван жилд байхдаа сургуулийн зуны амралтаар сургуулийнхаа номын сангийн номнуудыг дуусгаад, хажуу айлынхаа номын санд байгаа номнуудыг дуусгачихдаг байж билээ. Өглөө босоод гэрээ сайхан цэвэрлэчихэж байгаад ном уншаад хэвтчихдэг байв. Хоол идэхдээ хүртэл ном уншина. Ээждээ мөн ч олон загинуулсан даа. Хавтас нь урагдаад, эхний ганц нэг хуудас нь байхгүй, олон хүний гар дамжаад халтар болчихсон ном унших хорхойг маш хөдөлгөдөг. Навсарч элэгдсэн тэр төрх нь ямар сонирхолтой ном болохын илэрхийлэл болохоор тэр.

Сайхан номыг сайхан унших юм сан ...

2 comments:

etvgen said...

Ном уншиж сурна аа :]]

Монгол бүсгүй said...

сураагүй вайгаамуу, сураачээээ гссс :-)