Хүүхэд байхад маргааш битүүрнэ гээд л урд өдөр аймар догдолдог сон. Ер нь бараг цэвэрлэх угаах ажил дуусчихсан, индүүдэж барих жижиг сажиг ажил л үлдсэн байдаг даа. Зурагтаар бөх гараал хажуугаар нь уртын дуу яваад л, зуухны ард том савтай гэсгээсэн айраг гэрээр үнэртээл. Одоо ингээд бодоход миний хүүхэд насны баярууд дэндүү жаргалтай байж дээ. Манай аав ээж хоёр үндэсний ёс жаяг, уламжлалаа их барьж дагадаг болохоор цагаан сарыг их сайхан тэмдэглэдэг. Одоо тэр хоёр маань юу хийж байгааг нь бараг л мэдэж байна. Манайх намайг их сургууль төгссөний дараа аймгийн төв рүү сумын төвөөс нүүсэн юм. Тэхээр энэ хүртэлх бүх дурсамж маань суманд өнгөрсөн амьдрал минь юм. Эгнээ гудамжуудын хамгийн урд нүүрний гудамжинд хаяа хаяагаа дэрлэн амьдарч ирсэн 5-6 айлыг бид нар манай хорооныхон гэж нэрлэдэг. Хүүхдүүд нь өөр хоорондоо тоглоно, хорооныхоо ахмадуудаас айж эмээн, бага залуучууд нь буруу хазгай юм хийхэд тэд маань өөрийн хүүхэд шиг загнах нь энүүхэнд. Цагаан сараар хамгийн ахмадаасаа эхлээд л насны дарааллаар нь айл айлд ороод шинэлээд явчихна. Бүүр жоохон хүүхэд байхад ихээ настай хөгшчүүд байдаг байлаа. Манайх залуу айлуудын нэгд нь ордог байв. Зарим жил хороонд маань шинэ айл нэмэгдэж ирсэн бол 8-9 айлтай шинэлэдэг сэн. Өглөө 10 гэж эхлээд орой бараг 10 гэж дуусна. Бүгд нэг нэгийгээ таньж мэддэг болохоор шинэ золгуудаа хийх зуур хууч яриа, сайхан сайхан дурсамжуудаа ярьцгаагаад, тоглоцгоосоор нэг айлдаа дунджаар 1.5 цаг болно. Тэр олон хүнд нэг айлын сандал хүрэлцэхгүй учир шинэ золгууд хийж байгаа айл руугаа хүүхдүүд сандал зөөгөөстэй. Өөх ямар сайхан байгаа вэ... Хожим ургах нартай уралдан золгодог ахмадууд минь нэг нэгээрээ одсоор нэг мэдэхэд манайх ахмад настай гэр бүлийн жагсаалтын эхний хоёрт ордог болсон доо.
Шинийн нэгний өглөө ээжийн минь цайгаа самрах чимээ, гэрээр нэг ханхлах идээ будаа, аавын мниь уугиулсан арц хүжний үнэр. Энэ бүхнийг таашааж буй хүүхдийн авирыг гаргаж худлаа эрхлэн хошуу унжуулж аав, ээж, ах эгч хэн нэгнээр аргадуулж эрхэлмээр санагддаг сан. Урьд шөнө бэлдэж хоносон шив шинэ хувцасаа өмсчөөд хажуу айлын хүүхдүүдэд харуулах гээд бас тэд нар юу өмссөнийг нь харах гэж их л яардаг сан.
Цагаан сарын үеэр хамгийн чухал зүйл бол бэлэг шүү дээ. Манай аавын дүүгийх манайхтай хөрш байсан учраас тэднийхээс хамгийн гоё бэлэгнүүд ирнэ. Ижий маань хотныхоо хүүхдүүд гээд тусгайлан бэлэг бэлдэнэ. Аав маань багш хүн болохоороо ч тэрүү юмыг их сайхан ярина, хошин шогийн мэдрэмжтэйгээр хуучны дурсамж яриануудыг ярьж цугласан олныг баясган ерөнхийдөө хорооны шинэ золгуудын зохион байгуулагч нь болчихно. Сайхан ёс жудаг, уламжлалаараа утга учрыг нь алдуулалгүй тэмдэглэвэл сайхан баяр шүү дээ, цагаан сар.
2 comments:
Цагаан Сар ч сайхан баяр шүү. БҮх юм өнгөлөг, гэгээлэг болчихдог юм.
Хэлээд юухэв, цаанаа л нэг бүх юм гоё байдгийн, зөөлөн дулаан. Манайхаар орсонд баярлалаа.
Post a Comment